Ял шийтгүүлсэн хүмүүсийг мод тарих, ойн цэвэрлэгээнд оролцуулна

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “100 сая мод тарих” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав болон даргын зөвлөлийн гишүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга В.Жавзан нар оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар түүний харьяа салбар, нэгжийн алба хаагчид болон хоригдол, ялтнуудад тарьц, суулгац, мод, жимс, жимсгэнийг хэрхэн тарих, арчилж, хамгаалах чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, шаардлагатай хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлнэ.

Тус санамж бичгийг байгуулсан нь ял шийтгүүлсэн этгээдүүдийг мод тарих, ойн цэвэрлэгээ, арчилгааны ажилд татан оролцуулах, тэднийг ажлын байраар хангах, мэргэжлийн чиг баримжаа олгож, цаашид мод тарьж, ургуулах ажлыг эрүүгийн ялын бодлоготой уялдуулахад чухал ач холбогдолтой юм.