Эрчим хүчний барилга байгууламжийг газрын цахим системд оруулна

Эрчим хүчний яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран төрийн байгууллага хоорондын ажлын уялдааг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийг цахим хэлбэрээр солилцож үйл ажиллагаандаа ашиглах, төрийн үйлчилгээг хялбаршуулах зорилгоор хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Гэрээний хүрээнд мэдээлэл солилцох хамтарсан уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.  Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай:

  • Эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний орон зайн болон хүснэгтэн мэдээллийг харилцан солилцох;
  • Эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний доорх газрыг нийслэл, 21 аймгийн хэмжээнд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулах;
  • Эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг хуульд заасны дагуу тогтоон Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулах;
  • Дулаан, цахилгааны техникийн нөхцөлийн хүсэлт гаргахад шаардлагатай газрын эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийн мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн сангаас, архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг /эскиз/ зэрэг мэдээллийг Хот байгуулалтын кадастрын цахим системээс, дулаан, цахилгааны техникийн нөхцөлийн мэдээллийг харилцан солилцох боломжтой талаар мэдээлэл өгсөн юм.

Ингэснээр улсын хэмжээний эрчим хүчний салбарын мэдээллийн сан үүсэх, Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг баяжуулах, Газрын нэгдмэл сан, Орон зайн өгөгдлийн суурь мэдээллийг бүрдүүлэх, эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцуулан газар олголт хийх, барилга, байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх аж. 

Эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний орон зайн мэдээллийг газрын цахим системд оруулах, удирдан зохион байгуулах ажлын хэсгийг томилон ажиллуулж, хамтран ажиллахаа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх илэрхийлэв.