Ц.Төрхүү: Улаанбаатарын ундны усны чанар, эрүүл ахуйн байдал бүрэн хангагдсан

Улаанбаатар хотын ус хангамжийн аюулгүй байдал сэдвээр “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү илтгэл тавьжээ. Тэрбээр “Манай байгууллага Улаанбаатар хотын иргэдийг стандартад нийцсэн ундны усаар хангаж, гарсан бохирыг татан зайлуулах үүрэгтэй. Усны 10 эх үүсвэр, гүний 218 худаг, 10 усан сан, долоон насос станц, дахин дамжуулах 13 насос станц, сүлжээний 13 усан сан, цэвэр усны 586 км, бохир усны 230 км гаруй шугам бий. Нийслэлчүүд хоногт 150-170 мянган метр куб ус хэрэглэж байна.

Манайх усыг газрын гүнээс авахаас хэрэглэгчдэд хүрэх хүртэл нь хянадаг. Эх үүсвэрийн талбайд шинжилгээ, судалгаа авдаг 18 цэг байна. Мөн байнгын хяналтын суурин таван цэг бий. Энэ нь газрын гүний усны чанар, түвшин, бүтэц, бохирдлын мэдээллийг өдөр тутам өгдөг. Хяналт, удирдлагын төв 2018 онд байгуулагдсан. Энэ төвөөс бүх салбар цэгээ хянаж, удирддаг. Мөн ундны усны чанарыг лабораториор хоногт 100 гаруй цэгээс 100 гаруй элементээр хянадаг. Жилд 5000 сорьц авдаг. Манай лаборатори Монгол Улсдаа номер нэг, Азидаа эхний гуравт ордог. Ажилтнууд маань гадаадад боловсрол эзэмшсэн.

Улаанбаатар хотын ундны усны чанар, эрүүл ахуйн байдал бүрэн хангагдсан гэж хөндлөнгийн шинжээчид үнэлсэн. Өнөөдөр бид газар шорооны ажил хийлгүй, шуудуу ухалгүйгээр, шугамыг доторлох ажил хийж байна. Энэ технологи бол хамгийн сүүлийн үеийнх. УСУГ-аас ус тасална гэж зар явуулахаа болиод гурван жил болж байна. Европчууд энэ технологийг ашигладаг. Цаашид дээрх технологийг бохирын шугамд ашиглахаар төлөвлөж байна” хэмээн ярив.