Ка Фоскари их сургуультай монгол судлалын чиглэлээр хамтарна

Итали улсад ажлын айлчлал хийж буй Соёлын сайд Ч.Номин энэ сарын 21-нд Венец хотын Ка Фоскари их сургуульд зочилж, дэд ректор Фабрицио Маррелла тэргүүтэй эрдэмтэн, судлаачидтай уулзжээ.

Ка Фоскари их сургууль нь Венето мужийн томоохон сургуулиудын нэг бөгөөд Европын холбооны “Эрасмус” хөтөлбөрийн хүрээнд МУИС, СУИС-тай оюутан солилцоо болон бусад чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна. Тус сургуульд Монгол Улсаас 14 оюутан суралцдаг байна.

Мөн тус сургуулийн профессор Элизабетта Раганины удирдлага дор Итали болон гадаад улсын оюутнууд монголын түүх, хэл шинжлэлийн хөтөлбөрт хамрагддаг бөгөөд уулзалтаар хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар ярилцжээ.

Тухайлбал, хоёр орны түүх соёл, уран зохиолын сонгодог бүтээлүүдийг харилцан орчуулан дэлгэрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, монгол судлал, судлаачдыг бэлтгэх талаар санал солилцжээ.