Энхийг дэмжих ажиллагаанд Онцгой байдлын 273 алба хаагч оролцжээ

Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас /ОБЕГ/ “Онцгой үйлстнүүд-энхийн төлөө 20” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 100 гаруй алба хаагч, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын Ганзам 20 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид оролцсон юм. Энэ үеэр энхийг сахиулагч алба хаагчдаас сурагчид өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авч, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн сургалтын танхим, Аврах ангийн аврах ажиллагааны автомашин, багаж зэвсэглэмж, техник хэрэгсэлтэй танилцав.

Монгол Улсын Энхийг дэмжих ажиллагаанд Онцгой байдлын албанаас 273 алба хаагч оролцсоноос, 54 алба хаагч нь нийслэлийн Онцгой байдлын газраас үүрэг гүйцэтгэсэн байна.

Тус арга хэмжээ нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг алдаршуулах олон нийтэд сурталчлах зорилготой юм.