11-11 төв авлигатай холбоотой гомдол, мэдээлэл авна

Засгийн газрын тогтоолоор Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүлсэн. Энэ хүрээнд долоо хоног бүр иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа тус төвийнхөн Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм. Мөн энэ төв авлигатай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авна.

Ерөнхий сайд авлигатай тэмцэхээ мэдэгдэж, манай улс авлигын индексээр 111-т жагсаж байгааг хоёр оронтой тоо руу оруулах зорилт дэвшүүлсэн. Тиймээс Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо байгуулж, өөрөө ахалж буй юм. Тэрбээр “Авлигыг бууруулахын тулд хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй.

Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Авлига албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Ийм төрлийн хэргээр ял эдэлбэл цаашид төрд ажиллах эрхгүй байх зохицуулалтыг хуульд тусгана” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Ташрамд,  олон улсын Транспэрэнси байгууллага ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг өргөжүүлэх зэрэг есөн зөвлөмжийг манайд өгчээ.