С.Энхболд: Насны багцыг нэмж, оношилгооны нэр төрлийг 11-ээс 19 болголоо

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил өнөөдрөөс эхэлж байна. Уг ажлыг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэллээ.

Тэрбээр “Урьдчилан сэргийлэх үзлэг өнөөдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд зохион байгуулагдана. Ингэхдээ аймгийн төвөөс алслагдсан сумдын иргэдэд явуулын амбулаториор үзлэг хийх юм. Энэ мэт маш олон ажлууд хийгдэж байгаа. Иймд иргэд маань хувь хүний үүргээ биелүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалж байна. Урьдчилан сэргийлэх багцыг зургаан насны ангиллаар хийж байгаа. Өмнө нь манай улс 2018 оноос урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан. Гэсэн хэдий ч хамрагдалтын байдал маш бага үзүүлэлттэй буюу 8.8 хувьтай байсан юм. Тиймээс энэ жилээс эхлэн насны багцыг нэмж, оношилгооны нэр төрлийг 11-ээс 19 болгож нэмэгдүүлсэн.

Насанд хүрэгчдэд насны багцаас хамаарч 12-18 нэр төрлийн шинжилгээ хийх бол 0-17 насны хүүхдүүдийг 4-6 нэр төрлийн оношилгоо шинжилгээнд хамруулна. Энэ арга хэмжээ нь иргэдийг өвдөхөөс нь өмнө өвчнийг эрт илрүүлж, монгол хүнийхээ эрүүл мэндэд анхаарч буй нэгэн том алхам гэж ойлгож болно. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ өнөөдөр албан ёсоор эхэлснийг мэдэгдье" гэлээ.