Хамтдаа тэмүүлж, бүтээж, “өлгийдсөн” ХӨӨНДИЙ

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж "БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД"-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Х.Солонгыг урьсан юм. Урлах эрдэм дээд сургуулийг төгссөн уран дизайнер бүсгүй хань Г.Хүрэлсүхийнхээ хамт монголчуудын эчнээ танил "Хөөндий" брэндийг үүсгэн байгуулж, амжилттай ажиллаж явна. 2011 онд брэндийнхээ шавыг тавьж, хоёр биенийхээ ур чадвар, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлд итгэж эхлүүлсэн бичил үйлдвэрлэл өнөөдөр өргөжин тэлж үндэсний хэмжээний брэнд болжээ. Жилийн дөрвөн улиралд зориулсан өнгө, загварын өргөн сонголттой арьсан гутлыг чанарын өндөр түвшинд хийж байна.

Тэднийг холбосон мэргэжил

Х.Солонго үзэг барьж сурсан үеэсээ зураг зурж, дэвтрийнхээ арын нүүрэнд хувцасны загвар гаргана. Сонирхолдоо хөтлөгдөж 86 дугаар сургуулийн зургийн ангид шилжжээ. Долдугаар ангиасаа эхэлж "Үнсгэлжин"-д оролцож, цаг тутамд өөрийгөө хөгжүүлж, сорьж үзсэний үндсэнд хувцас загварын салбарт "дурлаж" дизайнер мэргэжлээр суралцах шийдвэр гаргасан байна. "Арван жилээ төгсөхөөсөө хоёр жилийн өмнөөс ямар мэргэжлээр суралцах болон сургуулиа судалж эхэлсэн. Тухайн үед Урлах эрдэм дээд сургуулийг төгссөн дизайнер ахын сэтгүүлд өгсөн ярилцлагыг уншаад зөв сонголт хийж байгаа юм байна гэсэн итгэл үнэмшлээр орсон. Оюутан байхдаа тэмцээн уралдаанд маш идэвхтэй оролцоно.  Өөрийгөө цаг тутамд хөгжүүлж, сайн сурахын тулд хичээсэн. Тэр зүтгэл минь өнөөдрийн хийж байгаа бүтээл, ажилтай ажиллахын үндэс болсон болов уу" гэв. Арван жилээ төгссөн дэврүүн охин амьдралд хөл тавихдаа хүмүүсийн хандлага хийгээд хэрэглээг ажиглажээ. Гутал бүү хэл хувцасаа оёод өмсч чаддагүйг нүдээрээ харав. Худалдаж авах биш хийж бүтээх боломжтойг олж харсан учраас хувцас загварын дизайнер мэргэжлийг эргэлт буцалтгүй сонгосон нь энэ аж.

No description available.Хүсэл мөрөөдөлдөө хөглөгдөж сонгож орсон сургуулиасаа тэр амьдралынхаа ханьтай учирсан сайхан түүхтэй. Г.Хүрэлсүх түргэвчилсан сургалтын ангид суралцаж байгаад хоёрдугаар курстээ гутал  арьсан эдлэлийн дизайнер болохоор шийдэж, шилжжээ.

Нэг ангид хамт суралцаж, нэгнийгээ илүү их таньж, мэдэж, сонирхол, мөрөөдөл нь тэднийг холбож, нэгэн зүг рүү заав. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд хүсэл эрмэлзлээс илүүтэй хичээл зүтгэл чухал. Оюутан ахуйн он жилүүд өрсөлдөөнтэй. Ангийнхантайгаа ч бүтээлээрээ өрсөлдөнө. Хоёрдугаар курстээ Х.Солонго нийт оюутнуудын дунд зохиосон тэмцээнд түрүүлж, түүнээсээ их урам авч байснаа дурсав. Хэдэн жил суралцсан, хэн байх нь огт хамаагүй ур чадвар, уран сэтгэмж, урлагийн мэдрэмжтэй байх нь хамгаас чухал гэдгийг тодотгож байлаа. "Найзтайгаа хамт тэр тэмцээнд оролцсон. Орсон жилдээ тэргүүн байр эзэлсэн учраас урамшсан. Анхны бүтээл алдаатай гэхээсээ ололт  их байсан. Яагаад гэхээр суралцаж байсан үе. Тэмцээнд орж байсан мөч одоо ч дурсамжтай. Эсгийгээр түрийтэй өсгийтэй гутал хийж байлаа.  Өөрсдөө бүгдийг нэгбүрчлэн гараар хийсэн. Багш нар маань ч сайхан хүлээж авсан. Маш их хөдөлмөр шаардсан сарын турш хийсэн бүтээл" хэмээн тэмцээнд оролцож байсан тэрхүү мөчөө дурслаа. 

No description available.“Хөөндий”-г Г.Хүрэлсүх үүсгэн байгуулж, хөдөлмөрч Х.Солонго өрхийг нь татав 

Ханийнх нь хувьд их сургууль төгсөхөөсөө өмнө бүтээлээ туурвиж, худалдаанд гаргасан байжээ. Харин Х.Солонго сэтгэлдээ төсөөлсөн бүхнээ бодит болгож, хийхийн их хүслээр хөглөгдөж байсан гэнэ. "Хөөндий"-г Г.Хүрэлсүх үүсгэн байгуулж, өрхийг нь хийж бүтээхийн хүслээр хөглөгдсөн хөдөлмөрч Х.Солонго татсанаар Монголын хувцас загвар тэр дундаа үйлчлүүлэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон брэнд төржээ. Анхны загварын санааг гаргаж, амжилттай хэрэгжүүлснээр эргэлт буцалтгүй ажлаар эрчлэгдсэн цаг хугацаа хөвөрлөө. Хамтдаа эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Хоёулаа өөр өөрсдийн хийдэг ажил, хариуцсан албатай. "Миний хувьд эсгүүр, зохион бүтээлт, загвар тал руу анхаарал хандуулна. Хань маань зохион байгуулах, ямар материалаар яаж хийх үү, хэрхэн үйлдвэрлэхийг хариуцна" гэв. 

Брэнд үүсгэж, бизнес эхлүүлэхээр зориг шулуудсан хосуудад хөрөнгө санхүүгийн асуудал тулгарах нь зүйн хэрэг. Их сургуулиа дөнгөж төгссөн будаг нь ханхалсан хийж бүтээх хүслээр жигүүрлэсэн тэд хамтдаа хүүхдийн "Хөөндий" гутлын төсөл бичиж, банкнаас зээл авахыг хүссэн ч санхүүжилт авч чадсангүй.  Шантарч, шаналсангүй өөр боломж, гарц гаргалгааг хайсны үндсэнд аав, ээжээсээ дэмжлэг хүсэхэд орон сууцаа барьцаанд тавьж, зээл авах боломжийг бүрдүүлжээ. Хүүхдүүдээ хийж чадна гэсэн итгэл хүлээлгэсэн хэрэг. Өнөөдрийн "Хөөндий" брэнд өсч торниж, үүсч хөгжихийн гол хөшүүргийг тавьж өгсөнд урамшиж, урагшилж чаджээ.

No description available.Бат бөх оршин тогтнох суурь нь адууны шир

2011 онд годон гутал моданд орж байв. Г.Хүрэлсүх гэргийдээ хандаж, монгол адууны ширээр гутал хийх боломжтойг хэлжээ. Үстэй ийм гутал хийх ямар ч боломжгүй. Би зохион бүтээлт хийж чадахгүй хэмээн тас зөрүүдлэв.  "Үгүй ээ. Заавал хийх ёстой. Тэр тусмаа адууны арьсаар. Адуу халуун хошуутай мал. Элч дулаанаа алдахгүй" гэдгийг тайлбарлаж өгөв. Өмнө нь арьсан эдлэл хийж байсан туршлагатай тул мэдлэг, мэдрэмж сайтай. Хоёул хоорондоо ярилцаж, төсөл бичих шийдвэр гаргав. Төслөө бичээд, зээл авах гэж хөөцөлдсөн ч хүслээр нь болсонгүй. Эхлүүлсэн ажилдаа эзэн байж, эцсийн үр дүнг үзэх шийдэлд хүрч, адууныхаа арьсаар анхны загвараа гаргав. 30 орчим гутал хийж, худалдаанд гаргахад өдөртөө дуусав. Олон өдөр сууж хийсэн гутлууд нь хэдхэн цаг, бүр хоногтоо дууссан нь тэдэнд урам өгч, орой нь дахиад үргэлжлүүлэн хийв. Эрэлт ихтэй бүтээгдэхүүнээр тодорч, "Хөөндий" бат бөх оршин тогтнож чаджээ.

"Сэтгэлдээ төсөөлсөн гутлаа бодит болгоё. Хийх хэрэгтэй гэсэн сэтгэлээр хандсан. Тэр өвлийн хийсэн бүх гутал худалдаанд гараад дууссан даа. Үнэнч хэрэглэгчидтэй болсон. Гэр бүлээрээ өмсөнө. Их сургууль төгсөөд ажлын байранд гарч, санаагаа хэрэгжүүлээд үр дүнд хүрнэ гэдэг үнэхээр сайхан байсан" гэсэн юм.

May be an image of indoorХоёр жилийн өмнө Х.Солонгыг нэгэн ахимаг насны эмэгтэй зорьж иржээ. Ирэх ирэхдээ түүх өгүүлсэн тэрхүү агшинг дахин мэдрүүлжээ. Баярлах гайхах зэрэгцэн угтаж авсан байна. Анхны гутал, анхны хэрэглэгч, "Хөөндий" брэнд хөгжихэд хөшүүрэг болсон худалдан авагч.

"Сонин мэдрэмж төрдөг юм билээ. Хүний гутал ч юм шиг, миний гутал ч юм шиг. Тэр гутал цэв цэвэрхэн, цав цагаан байсан нь гайхшрал төрүүлсэн" хэмээн хэлэх бүсгүй хийсэн ажилтай хүн хичнээн сайхан байдаг юм бэ? гэх бодролыг төрүүлэв.  Цаг хугацаа алсран өнгөрөвч хэдийнэ 10 жил өнгөрсөн ч гутлын "эх бие" яг л хэвээрээ ч улын солиулах шаардлага тулгараад зорьж ирсэн байна. Анхны гутлынхан үнэ цэнийг хадгалж, хамгаалж, олон жил үнэнч хэрэглэсэнд баярлах мэдрэмж төрснөө ч тэрбээр нуусангүй.

Улирал бүрд зориулж, шинэ коллекц гаргадаг

Монголд үйлдвэрлэсэн гутал гэхээр бидний сэтгэхүйд бакал төдийхнөөр төсөөлөгддөг нь нууц биш. Хэлбэр, хийц муутай гэсэн бодлоор ханддаг нь ч бий. Хэрэглэгчдийн эл бодлыг эсрэгээр нь эргүүлж, орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулж, урлаж болдгийн жишээг "Хөөндий"-гийнхөн бодитоор харуулж чадсан. Энэ бол бахархмаар ажил. Хэрэглэгчдэд зориулж жилийн дөрвөн улирлын турш хийц загвар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг ололт хийгээд амжилт. Монгол хүний гараар бүтээсэн гутлыг хэрэглэж занших нь эрүүл мэндэд ээлтэйгээс гадна мөнгөний гадагшаа урсах урсгалыг барих маш том бодлого.

No description available."Бүх насныханд зориулж коллекц гаргадаг. Гутал бол хүний эрүүл мэндтэй холбоотой бүтээгдэхүүн. Хүний биеийн ерөнхий рам буюу жингийн дарж явдаг учраас асар чухал зүйл. Гутал хийхэд тал бүрийн мэдлэг шаарддаг. Энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн ч цаг үргэлж суралцсаар байна. Жил ирэх тусам загвар, хийц сайжирсаар байгааг хэрэглэгчид сайшаадаг. Импортын гутлыг давж үйлдвэрлэж чадахгүй ч нэг ч гэсэн монгол хүнд чанартай, чийг татдаггүй гутал өмсүүлчих юмсан гэсэн сэтгэлээр хандаж ажилладаг" гэлээ.

Нэг гутал 100 орчим шат дамжлагаар бүтдэг 

Нэг гутлыг хийхэд 100 орчим шат дамжлага, олон хүний гараар дамжиж бүтдэг. Жижиг деталл ажиллдагаа маш их. Гутал үйлдвэрлэлийн явц мэдлэг шаардахаас гадна судалгааг хүртэл хийдэг байна. Түүхий эд материалдаа тохируулан загвар гаргана. "Хөөндий" брэнд өнгө, загварын сонголттой үйлчлүүлэгчдэд хүргэхээр хичээж ажилладаг.  

Гутал үйлдвэрлэл гурван том цехээс бүрдэнэ. Эсгүүр бэлтгэл, оёдол, уллагааны хэсэгтэй. Харагдах байдлаас хийхэд хэцүү ажил гэдгийг хэдхэн цаг хамт байх явцад мэдрэгдэж байсан юм. Шинэ гутлын загвар гаргахад сарын хугацаа шаардана. Харин хийхэд 4-5 өдөр болно. Өвөл үндсэн бүтээгдэхүүн  “Хөөндий" буюу адууны арьсан бүтээгдэхүүн, мөн  энгийн эрэгтэй, эмэгтэй загварын арьсан гутал, хавар ботинк, намар сурагч , зун чишк зэрэг үндсэн таван төрлийн гутал үйлдвэрлэдэг ч загвараар нь тоолбол 100 хол давах тоо гарна.  

No description available.Клотик  буюу гутлын хэвлүүрийг эх орондоо амжилттай үйлдвэрлэв 

Монголчууд үндэсний үйлдвэрлэл эрхэлж, үнэнч хэрэглэгчтэй болж чадсаныг энд тодотгох хэрэгтэй. Цар тахлын хүнд цаг үед, хил хаалттай байхад эх орондоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, иргэдийн хэрэгцээг хангаж чадсан хэцүү үеийг даван туулж, чадсан олон брэндийн нэг бол "Хөөндий".  Хүсэл зорилгороо нэгдэж нийлж, атгасан гар шиг ажлынхаа ард гарч чаддаг хамт олны гавьяа. 

Үйлдвэрийн зардал шингэсэн бодит үнээр хэрэглэгчдэд хүргэдэг байна. "Чанартай, чадах хэмжээндээ эрүүл ахуйн шаардлагад нийцсэн загварлаг гутлыг хийдэг. Импортоор орж ирдэг гутлуудтай харьцуулахад загварлаг биш ч хийц, чанараараа харьцангуй ялгардаг. Монгол арьсаараа хийгддэг нь давуу тал. Үндэсний үйлдвэрлэлээ давхар дэмжээд ажилладаг гэсэн үг л дээ. Эргэх холбоотой ажиллахыг эрхэмлэдэг. Харин хил хаагдахад ул, цавууны асуудал үүссэн. Манайд ул, цавуу үйлдвэрлэдэггүй учраас хүндрэлтэй талууд их ажиглагдлаа" хэмээв. Цар тахлын хүндхэн үеийг ажралгүй даван туулсан ч алс хэтээ бодож, хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Улны үйлдвэрлэлийн төслийг бичжээ. 

No description available.2019 клоткик буюу гутлын хэвлүүрийн төслийг амжилттай хэрэгжүүлж, ажил хэрэг болгож чадсан байна. Тоног төхөөрөмжийн оруулж ирж, гутлынхаа хэвийг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн нь хөгжил, дэвшил рүү хөтөлсөн өрнүүн ажил. Гутлын хэв худалдаж авахаар хятад руу шаардлагагүй болсонд урамшиж, ул, цавуу, туслах материалын үйлдвэрийг үйл ажиллагаанд оруулахаар төсөл бичиж, төлөвлөгөө гаргаж, дэмжиж ажиллах боломжтой байгууллагуудтай холбогдож байгаа гэнэ. 

Байрны водвалиас хоёулаа эхлүүлсэн бичил бизнес өргөжин тэлсэн нь

Байрны водвалын жижиг өрөөг түрээсэлж, хоёр оёдлын машинтай эхлүүлсэн брэнд өнөөдөр 45 хүнийг ажлын байраар хангаж чадахуйц үйлдвэрлэл болж, өргөжин тэлжээ. 11 жилийн турш хөдөлмөрлөж, "Хөөндий"-г хамтдаа бүтээв. Ажил, амьдралаа эн зэрэгцүүлж, алдаа оноо, амжилтын зам руу хамтдаа хөтлөлцөж, хоёр биенийхээ түших багана, тулах цэг болсон Г.Хүрэлсүхийнх таван хүүхэдтэй. "Алдарт-Эхийн" одон энгэртээ гялалзуулсан Х.Солонго төрөөд удаагүй ч ажлаа цалгардуулахгүй, хийх ёстой зүйлээ товлосон цаг, тогтсон хугацаандаа амжуулахыг баримталдаг. Цаг ягштал барьдаг нэгэн. Хувь хүний зохион байгуулалт сайтай нь үг, үйлдлээс нь тод харагдана. Төрөөд хоёрхон сар болоод ажилдаа орно. Гутлын зохион бүтээлтийн ажлыг хариуцдаг учраас үйлдвэр дээр байх зайлшгүй шаардлагатай. Хүүхдээ харж хандахын зэрэгцээ ажлаа давхар амжуулдаг гэсэн үг. "Цагаар хооллож, унтуулж хэвшсэн. Таван хүүтэй. Унтаж байхад нь ажлаа амжуулна. Загвар гаргана гэдэг маш чухал. Хүнээр орлуулж ярьвал зүрх. Тиймээс маш чухал. Учир нь тэрбээр гутлын зохион бүтээлтийн ажлыг хариуцдаг.

No description available."10 гаруй жилийн хугацаанд унаж, боссон үе бишгүй олон. Би боддог юм улсаас ЖДҮ эрхэлж байгаа хүмүүст бодит дэмжлэг олгоосой гэж хүсдэг. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс бол маш их хөдөлмөрч, бүтээлч сэтгэхүйтэй. Залхуу хүн хэзээ ч үйлдвэрлэл явуулж, чадахгүй. Шулуухан хэлэхэд цар тахлаар Засгийн газраас зээл гаргасан. Үндсэндээ арилжааны банкийг дэмжсэн ажил болсон. Яагаад гэхээр бид банканд зээлтэй. Банк төлөгдөөгүй зээлийн хуримтлалаа тэглүүлсэн байх. ЖДҮ-ийн зээлд хамрагдах гэж хоёр удаа төсөл бичиж, авч чадаагүй" гэсэн юм. 

“Хөөндий” брэндийнхэн дэлхийн жишигт нийцсэн стандарт бүхий томоохон хэмжээний үйлдвэрийн бүтээн байгуулалт барихаар зураг төслөө гаргажээ. Цар тахлаас шалтгаалж, цаг хугацаа нь хойшилсон ч эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэж, монголчуудынхаа хэрэгцээг бүрэн хангах жишиг болсон үйлдвэр барих зорилго тавьжээ.

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/Huundii хуудсаар болон 75777723, 88107723 утсаар холбогдоорой. 

Дэлгүүрийн хаяг: Дөлгөөн нуур зочид буудлын баруун талд байрлах “ХӨӨНДИЙ” нэрийн барааны дэлгүүр

☎️ 8090-7723 ⏰ 10.00-20.00
📌 Алтжин бөмбөгөр худалдааны төвийн
2 давхарт 2340 павьлион
☎️ 8091-7723 ⏰ 10.00-19.30
📌 Их Наяд плаза худалдааны төвийн
4 давхарт 403 павьлион
☎️ 8092-7723 ⏰ 10.00-19.30
🚘 Хүргэлтийн захиалгаа : #ХӨӨНДИЙ_МОНГОЛ_БРЭНД пэйж хуудсаны #Messenger болон
7577-7723 дугаараар өгөөрэй🤩
Хүргэлт хаана ч үнэгүй хүргээд өгнө.

May be an image of 1 person, footwear and text

May be an image of 1 person and sandals

May be an image of purse, footwear and text

No description available.

May be an image of purse, footwear and textNo description available.

No description available.

No photo description available.

May be an image of footwear and indoor

No description available.