"Хагархай лонх"-той хамт бутардаг амь бүрийг хамгаалъя!

561, 430, 383. Нэмэх нь 195. Нийт 1569. Энэ бол жирийн нэг тоо биш. Ам.доллар тэргүүтэй валютын ханшийн өсөлт бууралт ч биш. Зах зээл дээрх ямар нэгэн бараа бүтээгдэхүүний хэмжигдэхүүн бүр биш. Дөрөвхөн жилийн хугацаанд эрдэнэт хүний амь нас хохирсон бодит баримт. Цаг хожих нэрийн дор хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах хариуцлагагүй үйлдлээс бусдынхаа хоолойнд "хутга тулгаад" зогсохгүй бүр амь насанд хүрсэн тохиолдол нэгээр, арваар, зуугаар нэмэгдэж явсаар мянгаар ийн тоологдох болжээ. Эдгээрээс хамгийн хохиролтой, хор уршигтай нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих, холын замд гарах шалтгаан эзэлж байгаа юм.

2012 оноос, сүүлийн 10 жилийн статистик тоо баримтаас харахад зам, тээврийн ослын улмаас 4593 хүн амь насаа алдаж, 42489 иргэн гэмтжээ. Хүн ам нь гурван саяулаа болж, улсаараа, нийтээрээ, улсынхаа Ерөнхийлөгчтэйгөө хүртэл баярлаж явсан монголчуудаас долоохон жилийн хугацаанд 3466 нь хорвоог орхиж, 42 мянгаар хэмжигдэх иргэн нь ямар нэгэн байдлаар зам, тээврийн осолд өртөж, тэр хэрээрээ эрүүл мэндээрээ хохирч буй нь бидний өмнөх бодит аюул.

Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн газраас "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяныг эхлүүлээд байна. Зургаадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгуулах аяныг зохион байгуулах шалтгаан, үндсэн зорилго нь тодорхой. 2018-2021 оны нөхцөл байдалд харьцуулан дүн шинжилгээ хийхэд ирэх есдүгээр сар хүртэлх хугацаанд 250-350 орчим хүний амь нас хохирч, 700-1500 иргэн гэмтэж болзошгүйг урьдчилан тогтоожээ. Ойролцоогоор 90 орчим хоног гэж тооцвол өдөр 3-4 хүний амь нас хохирч мэдэх тооцоолол. Мэдээж энэ бол тогтоом биш. Статистикт үндэслэсэн мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаа.

Учир нь, орон нутгийн замд осолд орж буй тээврийн хэрэгслийн 85.2 хувийг суудлын автомашин эзэлж, хурд хэтрүүлэх, суудлын бүсээ зүүгээгүйгээс дийлэнх нь гардаг аж. Зам тээврийн ослоос урьдчилан нэг ч хүний амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллага, тэр дундаа Тээврийн цагдаагийн үүрэг учраас иргэн бүрийн үүрэг хариуцлага, байгууллага, хамт олны оролцоог нэмэгдүүлэхийн тулд "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяныг эхлүүлсэн нь энэ. Яг л "Яараад яах вэ, дээ?" шиг. Нэг ч гэсэн хүн аавдаа, ээждээ, эгчдээ, ахдаа, дүүдээ, үр хүүхэд, найз нөхдөдөө эрүүл саруул, элэг бүтэн харагдах нь л энэхүү аяны гол зорилго гэдгийг энд тодотгох гээд байгаа хэрэг. 

Хамгийн гол нь, цагдаагийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг зохих ном журмынх нь дагуу биелүүлж, иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлах нь хайртай бүхнээ болзошгүй эрсдэлээс хамгаалах ямар ч үнэ төлбөргүй арга гэдгийг санах хэрэгтэй. 100 мянган хүн ам дахь зам тээврийн шалтгаант нас баралтын тоогоор ДЭМБ гаргасан тооцооллоор Их Британи, БНСУ, Итали зэрэг улсуудад 3-8 байгаа бол манай улсад 20-22 байгаа нь хөгжингүй орнуудаас гурав дахин их үзүүлэлт юм. Эрүүл мэнд эрсдвэл, бүгдийг эрсдэлд оруулаад зогсохгүй бүр амь насаа алддаг гэдэг. Үүнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцох нь, холын замд гарах нь хамгийн том эрсдэл дагуулдгийг санахад илүүдэхгүй.

Уирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллагаас гаргасан зөвлөмж, алба хаагчдын тавьж буй шаардлагыг биелүүлэх нь бусдын болон өөрийнхөө төлөө хийж буй ХАНДЛАГЫН хамгийн ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ юм!. "Хагархай лонх"-той хамт бутардаг амь бүрийг хамгаалъя!

Г.Эрхэс