"Хурдан яваад ирэв үү?" гэж хэн ч асуудаггүй

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослоос үүдэж, зургаан хүний амь нас хохирчээ. Тээврийн цагдаагийн албанд ирсэн ослын дуудлагаас харахад 70-80 хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн гэх. Өөрөөр хэлбэл, амралт зугаалгын цаг эхэлсэн энэ өдрүүдэд хөдөө, орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн олшрохтой зэрэгцэн зам тээврийн ослын дуудлага жин дарах гол шалтгаан болж байгаа юм. Үүнд нь:

  • Урсгал сөрөх
  • Хурд хэтрүүлэх 
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэрэг үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч байна. 
  • Энэ оны эхний хагас жилийн байдлаар мотоциклийн ослын улмаас 40 хүний амь нас хохирсон байна. Ихэнхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож, улмаар осолджээ. 

Ганцхан жишээ дурдахад, баяр наадмын өдрүүдэд Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгээр 63 мянган автомашин орж, гарчээ. Товчхондоо амралт зугаалгын улиралд орон нутаг руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрчимжсэний бодит тоо баримт нь энэ. Угтаа бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй, хэт ядарсан нойр дутуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар буй. "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” гэсэн нөлөөллийн аяныг ч орон даяар зохион байгуулж байна. Гэвч жолооч нарын хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй байдлын гор нь эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй эрдэнэт хүний амь насаар хэмжигдэж байгаа нь халаглах шалтгаан. Уг нь хуулийн хүрээнд гэхээсээ хувь хүнээс бүрэн хамаарах ухамсрын л асуудал. 

"Сайн яваад ирсэн үү" гэж мэнд мэддэг болохоос "Хурдан яваад ирэв үү?" хэмээн асуух нь лав Монгол хүний зан биш. Хэзээнээсээ л тогтсон энэ мэнд өдгөө төрөл арилжсан мэт хувьсан өөрчлөгдөж, зорьсон газартаа очих гэж цаг товлодог буруу хандлага руу шилжсэн гэлтэй. Хурд хэтрүүлдэг, түүнээс үүдэж зам тээврийн осол гардаг шалтгаан ердөө л энэ. Орон нутгийн замд зөвшөөрөгдсөн хурдны хэмжээнээс 50 хувь хүртэл хэтрүүлсэн бол Зөрчлийн тухай хуулиар 50 нэгжээр торгож, жолоочийн онооноос хоёр оноог хасдаг гэдгийг хаа хаанаа санахад илүүдэхгүй. 

Хэрвээ Та холын, орон нутгийн замд гарсан л бол нэн түрүүнд хамгаалах бүсээ заавал зүүгээрэй. Үүнийг жолооч анхааруулж цуг зорчиж буй гэр бүлийн гишүүддээ шаардлага тавих учиртай. Цуг зорчиж буй хүмүүсийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодож буй хүнийг сатааруулахгүй, аюулгүй байдлыг хангах нь чухал. Эцэг, эхчүүд хүүхдээ урдаа өвөр дээрээ авч явснаас үүдэж хоёр дахин илүү эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг сануулах нь зүйн хэрэг. Учир нь, хүүхдийн биеийн жин бага огцом тооромслох зэрэг аваар осолд цуг сууж байгаа хүний биеийн жингээр хянах самбарыг мөргөх зэрэг эрсдэлтэй. Хамгийн гол нь, орон нутгийн замд гарсан л бол "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" гэсэн дөрөвхөн үгийг амьдралынхаа хэвшил бүр дадал болговол ард нь олон хүний амь насыг хамгаалж буйтай агаар нэг гэдгийг дахин сануулъя!

Г.Эрхэс