Унгарт хоршоолол эрхэлдэг эзэгтэй

Унгар улсад үндэсний брэнд бүтээгдэхүүн болох цагаан идээгээ үйлдвэрлэж, эх орноо санагалзах элэг нэгт монголчуудынхаа захиалгыг хийдэг хөдөлмөрч бүсгүйг Б.Даваадулам гэдэг. Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн тэрбээр АШУИС-ийг сувилагч мэргэжлээр төгсч Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт дөрвөн жил ажиллажээ. Амьдралын эрхээр алс холыг зорих шийдвэр гаргаж 2018 онд ажлын гэрээгээр ханийнхаа хамт хилийн дээс алхав. Хоёр, зургаан настай бяцхан охидоо орхиод явахад ээж хүний сэтгэл хэцүү байсан ч эргээд баяртай уулзана. Ирээдүйнхээ сайн сайхны төлөө гэсэн бодлоор өвөө, эмээд нь үлдээгээд явжээ. Шинэ амьдрал, шинэ орчин, шинэ ажил. Хичээж, зүтгэж ажилласны хүчинд жил хагасын дараа хоёр охиноо авчирч, гэр бүлээрээ амьдарч эхэлжээ.
2020 онд Б.Даваадулам эмэгтэй хүн болсныхоо эрхэм дээд жаргалыг эдэлж, гурав дахь охиноо өлгийдөн авав. Хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлж, декритны амралттай байх хугацаандаа үр бүтээлтэй өнгөрүүлж, сонирхлоо хөгжүүлснээр бялуу, хэвийн боов хийж эхэлжээ.

No description available.
Малчны хотонд төрж өссөн түүний хувьд багаасаа  үнээ, гүү сааж, цагаан идээ боловсруулдаг байжээ. Нутгаасаа хол амьдарч, ажиллаж байгаа монголчууддаа гарынхаа ааруул, өрөм, тараг, аарц зэргийг хийж, амтлуулахыг хүссэн байна. "Анх тараг бүрээд аарц болгох гэж их үзсэн. Гашуун болохгүй. Олон удаагийн давтамжаар хийж үзсэний хүчинд эндэхийн бүтээгдэхүүний учрыг олсон. Аарц маань яг л Монголдоо хийж байгаа юм шиг сайхан амттай болсон болохоор урамшаад ааруул хийж эхэлсэн. Ааруулаа хатаах гэж их ажил болно" хэмээн инээмсэглэв.
Цар тахлын хүнд үед брэндийнхээ эхлэлийг тавьсан бүсгүй хил гааль хаалттай. Шалгуур, шалгалт өндөр тул Унгараас аарцаа авч, ааруулаа хийж, худалдаанд гаргахад хүмүүс эерэгээр хүлээж авчээ.
Цагаан идээг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гарган авахад ажиллагаа ихтэй. Түүний ажил үхрийн ферм явахаас эхэлнэ. Сүүгээ 10 эсвэл 20 литрээр худалдан авч хоёр тогоондоо хуваагаад хөөрүүлж, загсаана. Маргааш нь өрмөө хамаад болсон сүүгээрээ тараг бүрнэ. Тарагаа хэд хоног эсгэж, буцалгаж аарцаа гаргаж авч шүүгээд дарж, шүүсийг нь шахасны дараа аарцаа амталж, хүссэн хэлбэр дүрст оруулж ааруул хийж хатаана.

No description available.
Өрхийн үйлдвэрлэл явуулж, өөрийн нэрийн брэндийг хүний нутагт гаргахад хөрөнгө санхүүгийн асуудлаас гадна тогоо, шанагаа гээд цагаан идээ боловсруулахад хэрэглэгдэх бүхий л зүйлс шаардлагатай. Түүний хувьд эргэлтийн их хэмжээний мөнгө хэрэг болоогүй ч цалингынхаа хуримтлалаас 400 мянган төгрөгийг ашигласан байна.
Хоёр жилийн хугацаанд өөрийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчтэй болж чаджээ. Түүний орлогын эх үүсвэрийг бүрдүүлэг хүмүүс бол Унгарт амьдардаг монголчууд. Цагаан идээ идэхийг хүссэн үедээ захиалаад л авна. Хүний нутагт бие биенээ дэмжиж байгаа хандлага нь хамгийн сайхан.

No description available.
Б.Даваадулам аарц, ааруул, өрөм, тараг, хайлмаг зэргийг одоогийн байдлаар хийж байгаа ч алсдаа нэр төрлөө нэмэхийг хүсдэг. Үнэлгээгээ тухайн үеийнхээ сүүнийхээ үнэтэй уялдуулан тогтооно. Буянт малын шим тэжээл хязгааргүй тул түүхий эдийн олдоц сайтайг тодотгож байсан юм. Түүний хийсэн бүтээлийг хүмүүс амтархан идэж, баяр ёслолоор бурхан тахилдаа залж, тавгаа чимэглэнэ.  
Одонгийнхоо үрийг тээж, алс хол амьдарч буй эгэл нэгэн гэр бүлийн эзэгтэй ирээдүйд Монгол брэнд бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэж, европт  ажиллаж буй монголчуудынхаа хэрэгцээг бүрэн хангахыг зорьж байна.

С.Ичинхорлоо

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.