50 хүний амь насыг аварч, голоос долоон автомашин татан гаргажээ

НОБГ-ын харьяа Аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 12 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.

Эргүүл зургаадугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 50 хүний амь насыг аварч, голоос долоон автомашиныг татан гаргаж, 16 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн алба хаагчид Туул голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд 25,714 удаагийн сэрэмжлүүлэг яриа хүргэж, 6,657 санамж хуудсыг тараан ажиллалаа.

Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ