Хануйн бэлд бүтээдэг "MON POP"
Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж "БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД"-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багт иштэй чихрийн үйлдвэрлэл эрхэлдэг үлгэр жишээч гэр бүлийн эзэгтэй Л.Тунгалагийг урьсан юм. Тэрбээр хань Э.Ганбаатарынхаа төрсөн нутагт хамтдаа брэнд бүтээхээр их хотоос хүлгийн жолоо залжээ. Нягтлан бодогч, хүнсний технологич мэргэжилтэй бүсгүй аливаад сэтгэлтэй хандахаас гадна эхлүүлсэн ажлынхаа ард гарч санаа нь амардаг нэгэн. Тиймдээ ч чихрийн брэнд бүтээх хүслээ биелүүлэхийн тулд олон удаагийн уйгагүй хөдөлмөр удаан хугацаанд туршсанг энд онцлох нь зүйн хэрэг.
Цар тахал гарснаас шалтгаалж олон ч үйлдвэрлэл үүд хаалга барьсан бол Л.Тунгалаг хөдөөг зорьж, талх, нарийн боов хийж бичил бизнес эхлүүлж, ирээдүйн брэндийнхээ шавийг ийнхүү тавьжээ.
2008-2016 он хүртэл хүнсний жижиг цех ажиллуулж байсан тэрбээр хүнсний технологич мэргэжлээр дахин суралцжээ. Тэдний чихэртэй танилцсан түүх нь Утай-Гүмбэн рүү аялалд явсантай холбогдоно. Гудамжинд гар аргаар чихэр хийж байсан хүмүүсийг хоёр цаг нүд салгалгүй хэрхэн хийх аргачлалыг гайхан харж, амсч үзжээ. "2018 онд охиноо төрүүлж, гэртээ байхдаа бялуу хийж, фэйсбүүк дээр зар тавьж, захиалга авдаг байсан. "Маму poko" пэйж хуудсыг ажиллуулдаг охины сургалтад онлайнаар суралцаж нарийн боов, чихэр хийхийг заалгаж байлаа. Анхны бүтээл алдаа оноотой ч ажлын эхлэлийг тавьсан болохоор одоо ч сэтгэлд тодхон үлдэж дээ. Багийн эмч хийдэг хадам эгчийнхээ төрсөн өдөрт зориулж хамгийн анх чихрэн таваг хийж байлаа. Хүмүүс ч амсч үзээд их сайхан хүлээж авсан. Солонгос бал бурамыг элсэн чихэртэй холиод хийсэн" гэв.
Тэр цагаас хойш интернэтээр эрэл хайгуул хийж, юүтүбтэй найзалсан байна. Бичлэг үзэж чихрийг хэрхэн яаж хийхээс гадна орц материалын судалжээ. Оролдлого сайт оройд нь гэгчээр олон удаагийн туршилтыг хийж, багийн төвийнхөө малчдад амсуулж, амт чанарын судалгаагаа хийсээр байв. Жилийн хугацаанд ханийнхаа хамт туршилтын ажлыг хийжээ. Солонгост хэдэн сар хатуу чихрийн дамжлага дээр ажиллаж үзсэн болохоор анхан шатны мэдлэгтэй байсан нь давуу тал болсон ч байж мэдэх юм.
Чихрийн үндсэн түүхий эд бол элсэн сахар, эрдэнэ шишийн бал бурам, жимсний амт оруулагч. Нэмж өнгө оруулдаг будагч охийг хэрэглэж болдог байна. Хийхэд хугацаа шаардахаас гадна ажиллагаа ихтэй. Элсэн сахараа хайлуулахаас ажил эхэлж, бал бурам, өнгө будгаа хийж хольсноор чанах дамжлага руу шилжинэ. Цаг орчим буцалгаж чанана. Энэтхэг, тайланд элсэн чихэр, солонгос бал бурам, гярман амт оруулагч хэрэглэдэг байсан ч хил гаалиас шаалтгалж, олдохоо больсноор Турк жимсний амт оруулагч захиалж хэрэглэдэг болжээ.
Хотод аж төрж, хэрчсэн гурилын цех ажиллуулдаг өөрсдийн гэсэн тогтсон орлоготой байсан хосуудыг аймаг, сум ч биш бүр багт амьдрахаар ирэхэд нь нутгийн малчид гайхаж байсан гэдэг. Хөдөө ажилгүй юу хийж амьдрах гэж байгааг асуухад Э.Ганбаатар нутгийн брэнд гаргана хэмээн итгэлтэйгээр хариулна. Нэг ч удаа хийж үзээгүй байж ямар итгэлтэй юм бэ гэж асуухад "Хоёулаа хамтдаа чадна" гэх тасхийтэл хэлнэ.
Тэр хэлсэндээ хүрч хийх хийхдээ хэн хүний зориглож чадахгүй чихрийг стандартын түвшинд ханийнхаа хамт хийжээ. Өдгөө Улаанбаатар хот болон хэд хэдэн аймгийн дэлгүүртэй түншилж ажиллаж байна. Багын гарын уртай тэрбээр чихэр хийхэд хэрэглэгдэх тоног төхөөрөмжөө өөрөө бүтээжээ. Хөргөөдөг болон халдаг чулуун тавцантай ширээ, бандан тавиураас гадна чихрийнхээ хэвийг хүртэл хариуцан хийсэн гэнэ. "Эрүүл ахуйн шаардлага, ариун цэврийг маш сайн сахьдаг. Бандан, тавцан гээд бүх зүйл цэв цэвэрхэн байх ёстой. Чихэр хийх процесс явж байхад байнгын бээлийтэй байна. Өөрсдийн хөдөлмөрлөж, хурааж хуримтлуулсан мөнгөөрөө "MON POP" нэршилтэйгээр эхлүүлсэн. Анх ирээд хоёр хаалгатай плитка аваад сурснаараа нарийн боов хийсэн. Дараа нь шар сүүгээр чихэр хийж үзэхэд гашуун амттай. Шар сүү, чихэр хоёр төдийлөн сайн зохицолдоогүй санагдсан. Тэгээд иштэй чихэр хийх шийдэлд хүрсэн" гэв.
"MON POP" брэнд нь одоогоор гурван төрлийн хэмжээтэй чихрийг худалдаанд гаргасан байна. Таван төрлийн жимсний амттай. Хэлбэр хэмжээнээс шалтгаалаад 1000-4000 төгрөгийн үнэтэй.
Үйлдвэрлэл хөгжүүлж, брэнд бүтээхээр очсон гэр бүлийг сум, багын төвийн удирдлагууд нь зорин ирж, хуучин соёлын төвийнхөө байрыг жилийн хугацаанд түрээсгүй ашиглах боломжийг олгосон байна. Засвар хийчихсэн байранд тог, цахилгааныхаа төлбөрийг төлж, үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг болжээ.
Нэг нь нийтийн төлөө гэдэг үг бий. Түүний адилаар багын төвөөрөө чихрийн амталгааг хийдэг байсныг Л.Тунгалаг дурсав. Туршилтаар хийх явцад алдаа дутагдал гарна. Зарим үед нялцанхай болчихно. Агаарын чийглэг байдал чихэр хийхэд их нөлөөлнө. Цонхоо онгойлгохоор хүүхдүүд гүйж ирээд хараад зогсоно. Хянах нь ч бий. Зарим нь бүр орж ирээд чихэр хэрхэн хийх процессыг нүд салгалгүй харж, хяналтын ажлыг сайн дураараа хийнэ. Амталгааг ч давхар хийгээд гарна. Эхний хэдэн саруудад хийсэн чихрээ хүн бүхэнд амсуулж, амт, чанарын судалгаа явуулдаг байжээ.
Ажлыг олон дахин хийж арга барилаа олж авсны дараа бүтээгдэхүүнээ багийнхаа төвийн гурван дэлгүүрт тавихаас гадна Эрдэнэ-мандал, Өндөр-Улаан суманд хүргэж өгдөг болов. Цагаан сар болохоос өмнө аймгийн төвийн дэлгүүрт ажил хэргийн шугамаар очиж уулзахад хэмжээг нь томруулах санал тавьжээ. "Түншийн саналын дагуу хэмжээг нь томруулаад хийхэд худалдан авалт ч дагаад сайжирсан. Бүтээгдэхүүн сайжруулалтыг ч сайн хийхийг хүсдэг. Ишинд нь хүртэл анхаарал хандуулдаг. Манай жижиг чихрүүд цаасан иштэйгээр гарч байгаа. Бага насны хүүхэд идэхэд аюулгүй байдлыг бодолцсон" гэсэн юм.
Өнгөрсөн дөрвөн сард чихрээ танилцуулахаар хотод иржээ. Хэд хэдэн дэлгүүрээ ханьтайгаа хамт орж, худалдагчидтай нь уулзсан байна. "Хөөх. Монголд тэр тусмаа хөдөө хийж байгаа юм уу" гээд гайхсан, бахархсан байдалтай хүлээж авсан нь ажлаа эхлүүлээд удаагүй тэдэнд урам зориг, урагшлах хүчийг хайрласан байна. Хосуудын сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, нутгийн брэнд гаргана гэсэн хэтийн зорилгоор бүтээсэн чихэр их хотын залуусын дунд "Крашдаа өгдөг чихэр" нэртэй болов. Хайртай хүндээ хамгийн сайхныг л өгдөг учраас тэрхүү нандин мэдрэмжийг давхар өгүүлэх чихрийн брэнд хэдийнэ хэрэглэгчдийн дунд трэнд болж амжжээ.
Энхэл донхил ихтэй сумын замаар аймаг руу хүргэхээр явахад чихрүүд нь хагарах тохиолдол бишгүй. Хайран чихэр хэмээн харамлан халаглана. Бүрэн бүтнээр нь хэрэглэгчид хүргэх талаар бодно. Хайрцаг, савтай болсноос тээвэрлэлтэд ямар ч асуудал гарахаа больсон нь дэвшилт.Увс, Ховд, Өмнө-говь, Эрдэнэт рүү захиалгаар нийлүүлдэг болжээ. "Ийм том чихрийг хэн авч, хэзээ идэж дуусах юм. Хүүхэд харахаараа авхуулах гээд уйлаад байна" гэх хүн таарна. "Монголдоо тэр дундаа Архангайн Хануй багт хийж байгаа юм уу" гэсэн үгийг сонсоод баярлана. Ханийхан Хануйгийн брэнд гаргана гэсэн хүсэл биеллээ олж, хэлсэн үгэндээ эзэн болж, хийсэн ажлынхаа амтанд орж байгаа цагаан идээний хольцтой органик чихэр хийж нэр төрлөө нэмж, үйлдвэрлэлээ нэмж, хөдөөд ажлын байр нэмэх зорилго өвөртлөжээ.
С.Ичинхорлоо