Б.Хурцын генерал цолыг хураах уу

АН-аас өрх тусгаарлаж, шинэ нам байгуулахаа илэрхийлсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэгэн сонирхолтой мэдэгдэл хийв. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг энэ долоо хоногт задрах тухай онцлоод Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурцын цолыг хураах асуудлыг дурдав. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нууцын зэрэглэлээс гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан ч өнөөг хүртэл олон нийтэд хараахан ил болгоогүй байгаа юм.

Генерал Б.Хурцыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхэд голлох нөлөөтэй оролцсон хэмээн харддаг, шүүмжилдэг гишүүн энэ парламентад олон бий. Үүнийгээ баталсан гэлтэй Б.Хурцтай холбогдуулж Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан нь өнгөрсөн оны үйл явдал. Түүнийг тагнуулын даргаас буусны дараа БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах саналыг Засгийн газраас гаргасан нь УИХ, Ерөнхийлөгч зүгээс дэмжлэг авсан ч Б.Хурц албан ажлаа хүлээлцэж чадалгүй явсаар нэрийг татсан нь саяхан.

Тодруулбал, Б.Хурцтай холбоотой асуудлын үнэн зөвийг тогтоотол түүнийг Элчин сайдаар томилж явуулах боломжгүй гэсэн албан бичгийг Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ. Улмаар БНСУ-д Монголоос суух Элчин сайдаас Б.Хурцын нэрийг татах шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан юм.

Тэгвэл тагнуулын экс даргатай холбоотой асуудал ингээд дуусгавар болохгүй нь бололтой. Энэ удаад Ж.Батзандан тэргүүтэй гишүүд түүний генерал цолыг хураалгахаар Ерөнхийлөгчид хандахаар болсон нь түүний хийсэн мэдэгдлээр тодорхой болов.

Сануулахад Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зарлиг гарган Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Б.Хурцад 2015 оны арванхоёрдугаар сарын 28-нд хошууч генерал цол олгож байсан юм.