Хүүгийн мөрөөдөл биелнэ ээ!

Д.Багдаулет хүү өдгөө 20 настай. Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Нэгдүгээр сургуулийг 2021 онд төгссөн тэрбээр өдгөө Английн Бристолын их сургуульд барилгын инженер мэргэжлээр суралцаж байна. Саяхан л, ердөө хоёрхон жилийн өмнө ерөнхий боловсролоо дүүргэж, аймгаас хот руу, арван жилээс их сургууль руу, тэгэхдээ ШУТИС-ийн Барилга, архитектурын ангид элссэн хүү Английн Бристолыг зорьсон түүх нь энгийн бөгөөд сонирхолтой. 

Цогтцэцийд цэргийн албатай явсан аав Т.Даргер нь Төв аймгийн Угтаалд Нөхөрлөл сангийн аж ахуйд тракторч, комбайнчаар ажиллаж байгаад 1988 оноос нутагтаа, Өлгийд буцан ирж, тэндээ өнөөг хүртэл суурьшжээ. Улмаар гэргий Ш.Перизаттай танилцаж, өрх тусгаарласнаар зургаан хүүхэдтэй болсны хамгийн бага нь Багдаулет. Дээрээ дөрвөн ах, нэг эгчтэй гэсэн үг. Ах, эгч нар нь насанд хүрч амьдрал зохиож, хот бараадаж, тусдаа гарахын хэрээр гал голомтоо сахиж үлдсэн хүү багын барилгын инженер болох хүсэл тэмүүлэлтэй байжээ.

Алсдагдсан аймгийн төвд өндөр барилга гэж үгүй. Социализмын үед барьсан 3-5 давхар нийтийн орон сууцнууд зонхилно. Сүүлд есөн давхар цогцолбор барьж, ашиглалтад оруулсан нь хамгийн өндөртөө тооцогдох болжээ. Харин хүүгийн бодол арай өөр. Бушуухан эрийн цээнд хүрч, их сургуульд элсэж, инженер мэргэжил эзэмшиж, аймгийн хамгийн өндөр барилгыг өөрөө гардаж барих тухай бодол толгойд нь байнга эргэлдэнэ. Бодол гэхээсээ мөрөөдөл. Тэгэхийн тулд хичээлдээ шамдах хэрэгтэй, сайн ч сурах ёстой. Түүнийхээ төлөө тууштай явах учиртай. Хүү ч энэ зорилгоосоо ухарсангүй. Барилгын инженер болох чин хүсэл нь хөтөлсөөр элсэлтийн ерөнхий шалгалтын чимээ айлсав. Инженер болохын тулд математикийн босго оноог давуулах шаардлагатай. Хажуугаар нь англи хэлийг бие даан суралцлаа. Хэдий аймгийн төвийн сургуулийн сурагч ч, алсагдсан бүр баруун хязгаар нутагт аль нэг хичээлээр бусад аймгаа тэргүүлэх хэмжээний боломж нь хомс.

Гэхдээ л Д.Багдаулет чадсан байлаа. Чадах, чадахдаа математикаар 758, англи хэлээр 800 буюу онооны дунджаараа сум, аймгаа тэргүүлэх нь тэр. Бүр улсын хэмжээнд хоёрдугаар байрт жагссан нь ирээдүйн зорилго нь хүүг хэрхэн хөглөж, хөтөлснийг харуулах бодит үр дүн болов. Ийнхүү эхний даваагаа дөмөгхөн давсан тэрбээр ШУТИС-д элсэн суралцаж байх үеэр 2100 оюутныг дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Үүнийг олж мэдсэн аав Т.Даргер нь орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аубакиртай уулзах хүсэлт тавьжээ. Амьхандаа отгон хүүгээ гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэсэн эцэг хүний л сэтгэл. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо сумандаа ч, аймагтай ч биш улсдаа хоёрдугаарт жагссан хүүгээрээ бахархаж, омогшсон ааваас гарах л үйлдэл. Т.Аубакир гишүүн ч Т.Даргер гуайг хүлээн авч уулзаад, холбогдох хүмүүст нь уламжлахаа илэрхийлж. Энэ дагуу Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсалтай уулзаж, Д.Багдаулет хүүгийн тухай дуулгаж, тэтгэлэгт хамруулах боломж байгаа эсэхийг лавласан байна. 

Хариуд нь Ерөнхийлөгчийн Зөвлөх Ч.Лодойравсал улс орон даяар зохион байгуулж байгаа тэтгэлэгт хөтөлбөр учраас ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй. Үнэхээр сурлагын түвшин, авсан оноогоороо гараад ирвэл ямар ч асуудалгүй гэсэн агуулгыг хэлжээ. Үндсэндээ "Ерөнхийлөгчийн илгээлт 2100" хөтөлбөрт ямар ч арын хаалга, найраа байхгүй гэдгийг Т.Аубакир гишүүнд учирлаж, амыг нь таглаад гаргасан хэрэг. Гэхдээ энэ нь аав Т.Даргерийн хүсэлт, хүү Багдаулетийн мөрөөдлийг "унтраах" болсонгүй. Төрийн тэргүүний гаргасан зарлигийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийн болзол, шалгуурыг төвөггүйхэн хангаж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцах визээ Д.Багдаулет ийн авчээ. 

Улмаар дэлхийн шилдэг 100-д багтдаг Английн Бристолын их сургуульд барилгын инженер мэргэжил эзэмшихээр болж Лондонг зорьсон байна. Тэрбээр эхний улиралдаа Лондонд суралцаад албан ёсоор Бристол хот руу шилжих юм. Лондонгоос 190 км зайд оршдог Бристол хотын их сургуульд Монголоос 15 тэтгэлгийн эзэн суралцаж байна. Т.Багдуалет хүүгийн түүхийг энгийн бөгөөд сонирхолтой гэж тодотгосны шалтгаан нь ердөө л энэ.

Хүү инженер болж ирээд эх орныхоо, Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулна. Хүсч эзэмшсэн мэргэжил гэдэг өөрөө сайхан. Тэр тусмаа манай гарагийн шилдэг 100 их, сургуулийн нэгд мэргэшил эзэмшинэ гэдэг дэлхийн хаана ч очсон хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний инженер болж буйтай агаар нэг. Гэхдээ Т.Багдуалетийн зорилго өөр. Тэр төгсөөд, нутагтаа, Өлгийд очоод хамгийн өндөр барилгыг нь барина. Энэ л хамгийн сайхан нь! Хүүгийн мөрөөдөл биелнэ ээ!

С.Гандөл