Н.Мөнхнасан: Томоохон сорилттой нүүр тулсан ч валютын урсгалыг дотооддоо шингээж байгаагаараа бахархдаг

Үндэсний үйлдвэрлэгч "Монполимет" групп Монгол Улсын 2022 оны “Топ-100” аж ахуйн нэгжийн нэгээр 16 дахь удаагаа шалгарлаа. Тус группыг 1992 онд үүсгэн байгуулснаас хойш 30 гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, улс орны дотоодын нийт бүтээгдэхүүн, татварын орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эдийн засгийн ачааг нуруун дээрээ үүрэлцэж яваа аж ахуйн нэгжийн нэг юм. Энэ үеэр "Монполимет" группын ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан "Зөвхөн нөхөн сэргээлтийн тухайд 21 удаагийн хошой аварга болсон байна. "ТОП-100" аж ахуйн нэгжийн тоонд 20 гаруй удаа орлоо. 100 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн 31 жилийн хугацаанд 3000 гаруй ажлын байрыг бий болгохын зэрэгцээ эдийн засгийн үр өгөөжтэй, стратегийн салбар руу амжилттай төрөлжиж чадлаа. Олборлолтоос нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл рүү орлоо.

Дотоодын болон олон улсын шинжтэй 20 гаруй бүтээн байгуулалтад цементийг тасралтгүй нийлүүллээ. Бүтээн байгуулалтын ажлыг аль болох тасалдуулахгүйн үүднээс хариуцлагатай ажиллах чухал. Дотоодод үүссэн үнийн хөөрөгдөл, инфляцийн өсөлтөд болгоомжтой хандахын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанараар зогсолтгүй урагшлах олон улсын чанарын туршлагатай компаниудтай хамтарч байна" гэдгийг онцолсон юм. Түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Олон улсад үүссэн нөхцөл байдлаас үүдэж төгрөг суларч, валютын ханш чангарч байна. Үндэсний хэмжээний үйлдвэрлэгчийн хувьд ханшийн зөрүү хэрхэн нөлөөлж байна вэ?

-Төгрөгийн ханшийн уналт дан ганц манайх гэлтгүй маш олон компанид хамгийн том сорилт болж байна. Жишээ нь, Хөгжлийн банкны зээлээр төлөөлүүлж ярихад 100 гаруй тэрбумыг эргээд 201 орчим тэрбум болгож төлсөн байна. Үүнээс 60 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн ханшийн алдагдлаас болж өнөөдөр урагшлах байсан ажил хоёроос гурван жилээр ухарсан. Энэ нь бизнесийн цикл төдийгүй хамтарч ажилладаг байгууллагуудад маш том цохилт авчирсан. 

-Барилгын салбарын үйл ажиллагаа идэвхжиж эхлэх үе ирж байна. Танай группын ажиллагаа ямар түвшинд яваа бэ?

-Барилгын компаниудын эрэлтэд тулгуурлаж хангамж баазаа бэлддэг. 

-Томоохон бүтээн байгуулалтад цемент нийлүүлж эхэлснээс хойш хэдий хэмжээний гадагшаа гарах валютын урсгалыг дотооддоо шингээсэн байдаг юм бол?

-Манайд ногдсон хувь нь 300-400 сая орчим ам.доллар гэж үзэж байгаа. Хил гааль хаалттай үед тээврийн зардал ямар хэмжээнд нэмэгдсэн бил ээ? Тэгэхээр дотооддоо цементээ үйлдвэрлэж эхэлсэн нь барилгын салбарын хувьд өндөр ач холбогдолтой. Гол нь төр нь хувийн хэвшлээ сайн дэмжиж ажилласан бол ядаж төгрөгийн ханшинд уян хатан байх байсан болов уу? Үйлдвэрлэгчид өөрсдөө бүх сорилтоо давж туулаад, валютын урсгалыг дотооддоо барьж үлдээхийн ард бор зүрхээрээ явж байгаадаа бахархдаг.

Тоон мэдээ:

• Шууд болон шууд бусаар 2500 ажлын байр бий болгож, нийт татвар болон нийгмийн даатгалын шимтгэлд 93,277,189,919.3 төгрөг улсад төлжээ. Зөвхөн 2022 онд гэхэд 16 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 

• Үүнээс "Монцемент билдинг материалс" ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш орон нутаг болон улсын төсөвт 52,471,312,246.18 төгрөг, харин 2022 онд 19,327,598,817.23 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. 

• "Монцемент Билдинг Материалс" ХХК үндэсний үйлдвэрлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 200 гаруй аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. 2015 оноос хойш улсын болон олон улсын чанартай 20 гаруй томоохон бүтээн байгуулалтад оролцжээ.

• Тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар 20 гаруй удаа шалгарсан. Байгаль орчны нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийж 300 мянга гаруй мод тарьж, ургуулан, Монгол Улсад анх удаа хүний гараар бүтсэн цэнгэг уст “Тосон нуур”-ыг байгуулж, биологийн олон янз байдлыг бүрдүүлэн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна. 

 

Г.Эрхэс