Тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгоно

Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгоно

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 19-20-нд болсон цаг агаарын аюулт үзэгдэл, түүний улмаас учирсан хохирлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.  Үүнтэй холбогдуулан,

Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгох, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зохих хэмжээний шатахуун, халдвар хамгаалллын хувцас хэрэглэлийн дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Мөн гамшгийн улмаас мал нь хорогдсон малчин айл өрхүүдийн судалгаа, мэдээллийг яаралтай гаргаж малжуулах хөтөлбөрт хамруулах асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт даалгав.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгожээ.

Товч мэдээ

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилт, онцлох ажлууд”-ын хэрэгжилтийн явцын талаар зөвлөлдөх уулзалтыг ирэх сарын 9-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.

-Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, аргачлалыг баталлаа.

-Нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг баталж, батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо.

-Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2023 оны зургадугаар сарын 2-нд зохион байгуулах Монгол Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцээд зөвшөөрлөө.

-Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна.

-Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалтыг шинэчлэн баталлаа.