Хил холболтын төмөр замын “БЭТ” нь Ерөнхий сайд өөрөө байх нь!
ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Оюу Толгойгоос Үндсэн хууль хүртэл...
-С.БАЯР: ТӨР ЗАСАГ СОЛИГДОЖ, ТӨРСӨН БИЕ ЭЛЭГДЭВЧ МОНГОЛЫН ЦАГ ҮРГЭЛЖИЛНЭ-
...Төр засаг солигдож, төрсөн бие элэгдэвч Монголын цаг үргэлжилнэ. Хувийн гоморхлоо Төрийн өсөрхөл мэт ярих хүн гарсангүй. Ашгүй даргын ажил ээлжтэй тул хоймор хатавчийн алинд ч суудаг хорвоо аж. Монголчууд бид цөөхөн учраас мөр мөрөө түшихээс өөр зам үгүй...
Энэ бол отгон Ерөнхий сайдын өрөөнд болж өрнөсөн уулзалтын уур амьсгалыг бүхэлд нь базсан 25 дахь гүйцэтгэх засаглалын тэргүүний товчхон дүгнэлт. Одоогоос хоёр жилийн өмнө юм. Отгон гэдэг нь Л.Оюун-Эрдэнэ, 25 дахь нь Санжийн Баяр. Уг нь зөвхөн С.Баяр, Л.Оюун-Эрдэнэ нарын ганцаарчилсан уулзалт биш л дээ. Ардчилсан хувьсгал өдөлж эхэлсэн амаргүй цаг үеийн Засгийн тэргүүн Ш.Гунгаадоржоос эхлээд АН-ын анхны Ерөнхий сайд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат хүртэлх үе үеийн төлөөлөл оролцсон уулзалт.
Цаг хугацааны давхцал уу? улс төрийн эгзэгтэй үе нь ийн таарсан уу? хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Оюу Толгойг хөдөлгөж, Монгол Улсад “Гуравдагч хөрш” хөрөнгө оруулалтын том дархлаа тогтоох хувь нь С.Баярт байсан бол одоо тогтолцооны томоохон реформ хийж, дараагийн 30 жил рүүгээ алхах Эргэлтийн цэг нь Л.Оюун-Эрдэнэд шилжлээ.
2008 оны сонгуулийн үр дүнд МАН 45 суудлыг авснаар намын дарга С.Баяр Ерөнхий сайдаар улирсан ч 28 гишүүнтэй АН-ын Засгийн газартаа урьж, ажиллуулсны цаана уул уурхайн мега төслөө хөдөлгөх давхар нүүдэл байв. Ардчилсан Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн “Долдугаар сарын 1”-ний үймээний дараах улс төрийг намжаах зорилготой “Стандарт бус Засгийн газар” гэж тэднийг цоллодог ч АН-ыг Засгийн газрын “гал тогоо”-ндоо нэгтгэсэн С.Баярын стратегийн үр дүнд Оюу Толгойг хөдөлгөж, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан нь Монголын уул уурхайн салбарт гарсан бодит үсрэлт болсон юм.
Оюу Толгой гэсэн ганцхан сэдэв олон ч Засгийн газар, Ерөнхий сайдын нүүрийг үзэж, олон ч парламент, УИХ-ын гишүүдийн хардлагын “бай” болж, олон цогтой тэмцэгчдийг “төрүүлж”, сая нэг юм, өнгөрсөн гуравдугаар сард Далд уурхайг ашиглалтад оруулж, Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх үзүүлэлт бүхий зэсийн зах зээлд томоохон тоглогчдын нэг болох нь цаг хугацааны асуудал болов.
Гагцхүү С.Баяр Ерөнхий сайд байхдаа “бярдаж”, бусадтай хамтарч Оюу Толгойг хөдөлгөж байсан шиг тогтолцооны том үсрэлт хийх түүхэн цикл нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхэлснээр Л.Оюун-Эрдэнэд ирлээ. Ерөнхий сайд, МАН-ын даргын эрх үүргийн хүрээнд оруулж ирсэн төсөлдөө улс төрийн манлайлал үзүүлэх нь зүйн хэрэг ч бүх галыг өөртөө төвлөрүүлж, өнгөрсөн 30 жилд бугшсан сууриасаа ялзарсан системд бүхэлд нь салхи оруулахаар баргийн улстөрчөөс гарах зориг биш.
Анхны хувилбараар Монголын парламентыг 152 гишүүнтэй болгох санал тусгасан ч хэлэлцүүлгийн шатанд 126 болж буурсныг МАН-ын бүлгээр дахин хэлэлцэж, шийдлээ гаргана. Асуудал нь тоондоо, түүнд л ач холбогдол өгч буйгаас агуулга талаасаа сонгодог парламентын тогтолцоо руу алхах, нийгэм, улс төрийн эрс шинэчлэл болох учиртай эл өөрчлөлт иргэдийн саналд тулгуурлаж, УИХ-ын гишүүд өөрсдөө эцэслэнэ гэсэн үг.
Лав УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН-ын төлөөлөл болон суудалгүй намууд гишүүдийн тоог нэмэх асуудалд зарчмын хувьд санал нэгдсэн. Харин гишүүдийн тоог яг 126 дээрээ барих уу? эсвэл түүнээс бууруулах уу? гэдгийг намууд, ялангуяа УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж, дэнсэлнэ. Угаас “Эцэг хууль” бол нийгмийн зөвшилцлөөс бүрдсэн баримт бичиг. Хүссэн үедээ хөндөж, өөрчилдөг хууль ч биш, өөрийн дархлаатай, мөн босготой. Нийтээрээ, нийгмээрээ хэлэлцэж, хэлэлцүүлж байж гар хүрдэг дэгтэй, бас журамтай. Түүгээрээ л процесс явж, бас үргэлжилж байна. Гэхдээ энд нэг л зүйлийг онцолж, тодотгох нь зүйн хэрэг. Тэр нь, Засгийн газраас өргөн мэдүүлж, Ерөнхий сайд нь улс төрийн манлайлал үзүүлж эхэлсэн тогтолцооны суурь өөрчлөлт бидэнд үнэхээр хэрэгтэй юу? гэвэл тийм.
Өнөөдөр УИХ нь, түүнийг бүрдүүлж байгаа гишүүд нь хууль тогтоогчийн үүргээ хангалттай биелүүлж байна уу? гэвэл үгүй. Мэдээлэлд ойр байдлаараа дамжуулж, бусдын боломжийг хулгайлдаг, тонодог, албан тушаалын томилгоонд нөлөөлдөг, ашиг сонирхлын том нэгдэл болсныг, болж хувирсныг бид харж, түрүүчээс нь ойлгож байна. Үндсэндээ “Давжаа парламент”-ын тогтолцоо нь өөрөө дарга нарын “каст”-ыг бий болгосныг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Төр хаана оролцоотой байна, тэнд хулгай даам гардгийг Засгийн газрын дэргэхэд Тусгай сангуудын ил мэдээллүүд илчилж, мөн хариуцлага шаардаж эхэллээ. Ийм нэгэн эгзэгтэй гэмээр хариуцлага нь өөрөө “ярьж” эхэлсэн цаг үед тогтолцоогоо сууриар нь шинэчлэх асуудлыг сөхөж, хөндөж байгаа нь нэг талаараа сайн, нөгөө талаар нийгмийнх нь зүй ёсны шаардлага гэхэд үнэнээс хол зөрөхгүй.
Эцэст нь хэлэхэд, 126 гэдэг бол зүгээр л тоо. Үүний цаана ирэх 30 жилийн хөгжлийн “газрын зураг” явааг хаа, хаанаа бодох л хэрэгтэй. Яг л "Төр засаг солигдож, төрсөн бие элэгдэвч Монголын цаг үргэлжилнэ" гэж С.Баярын хэлсэн шиг...
Г.Эрхэс