Бадарчин баярлах болоогүй буюу Авлигын шүүх байгуулах чимээ!

Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв. Өмнөх хуралдаанаар эл төслийг хэлэлцэх учиртай байсан ч салбарын сайдын саналаар хойшлуулаад байсан юм. Үндсэндээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон ч хагас сарын хугацаанд “хав дарсан” хуулийн төслийг парламентад өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэх нь. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх засаглалтай холбоотой суурь зохицуулалтыг тусгасан нь тойргийн журмаар байгуулж болно гэсэн өгүүлбэр.

2021 онд баталсан шүүх шинэтгэлийн хүрээнд нь ч ШЕЗ-өөс Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн саналд үндэслэж УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, яаралтай горимоор хэлэлцүүлэх товтой Шүүх байгуулах хуулийг Засгийн газар өөрийн тааллаар бус ШЕЗ, Улсын дээд шүүхийн саналд үндэслэснийг УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэр гаргана. Гүйцэтгэх, шүүх гэсэн засаглалын салаа мөчрийн хоёр нь саналаа эцэслэн нэгтгэсэн гэсэн үг. Одоо хэлэлцэж, батлах эсэх нь хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал. Гагцхүү яаралтай горимоор хэлэлцүүлэх Шүүх байгуулах хуульд ямар зохицуулалт орсныг сийрүүлье. 

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа санаачлан батлуулж, Х.Тэмүүжин Хуулийн сайдын хувиар холбогдох хуулиудад “засвар” оруулах замаар хэрэгжилтийг хангаж асан өмнөх шинэтгэлийн дагуу шүүхийн зохион байгуулалтад зарим өөрчлөлт оруулсан нь 2015 оноос жигдэрсэн түүхтэй. Үүгээр орон нутгийн анхан шатны шүүхүүд Эрүүгийн болон Иргэний дагнасан шүүхтэй болсон юм. Энэхүү хуваарилалтыг нэгтгэж нэг шүүхтэй болгож, дотроо хоёр танхимтайгаар үйл ажиллагаа явуулахыг Засгийн газраас өргөн мэдүүлэх хуульд тусгажээ. Ингэснээр анхан шатны шүүхийн буюу Эрүүгийн болон Иргэний хоёр ерөнхий шүүгчийн орон тоог нэг болгох аж. Тамгын газрын даргын орон тоо ч багасна. Шүүх эрх мэдлийн захиргаа хэтэрхий том байна гэсэн шүүмжлэлийг үүгээр дуусгавар болгох хэрэг. 

Хоёрдугаарт, Орхон, Дархан аймгийн Давж заалдах шатны шүүхийн Эрүү, Иргэний бие даасан шүүхийг нэгтгэж, орон тоог нь нэг ерөнхий шүүгч, Тамгын даргатай байхаар заажээ. Тойргийн журмаар байгуулах, бүсчилсэн хэлбэрээр зургаан аймагт Давж заалдах шатны шүүх байгуулах асуудлыг энэ удаад орхижээ. Одоо байгаа анхан болон Давж заалдах шатны шүүхүүдэд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй гэсэн үг. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын төслийн хүрээнд зөвшөөрлийн шүүх тогтолцооны хувилбарыг хөрсөн дээр буулгахын тулд анхан болон давж заалдах шатны журмаар Улаанбаатарт нэг байхаар оруулж ирсэн байна. Гэхдээ Шүүх байгуулах тухай хуулийг зарим шүүхийг нэгтгэж, орон тоо цөөлөх рүү чиглэсэн үү? гэвэл үгүй. Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн шүүхийг дангаар байгуулахаар оруулж ирснээрээ онцлог. Саяхныг хүртэл Иргэний хэргийн шүүхээр явж ирсэн энэ асуудал тусгайлсан, дагнасан шүүхтэй болох хэрэг. 

Үүнээс гадна авлига, албан тушаалын гэмт хэргээр дагнасан Авлигын бие даасан шүүхтэй болох эсэхийг Монголын парламент дэнслэх нь. Үндсэндээ энэ төрлийн шүүхтэй болох хүртэл авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэхгүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдлээ. Авлигатай тэмцэх нь Засгийн газрын нэн тэргүүний эрх үүрэг ч түүнд хамаарах албан тушаалтнуудын гэмт хэргийн шийдвэрлэлт Эрүүгийн хуулийн хамгийн бага ял болох торгох шийдвэрийг анхан шатны шүүх нь гаргасан жишээ олон. Авсан авлига, учруулсан хохирлын хэмжээ нь хэдэн арван тэрбумаар хэмжигддэг ч холбогдох албан тушаалтанд 20-хон сая төгрөгийн торгууль ногдуулаад өнгөрдөг нь “цагаан захтан”-уудад хариуцлага хүлээлгэх гэхээсээ толгойг нь илдэг, бүр “тохиролцдог” гэсэн хардлагыг улам лавшруулж, шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл улам алсрах шалтгаан болж буй. 

Тиймээс авлигаар дагнасан шүүхийг байгуулснаар энэ төрлийн гэмт хэргийг шууд Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэдэг болох аж. Шаардлагатай тохиолдолд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимаар хэлэлцэнэ. Процессын хувьд аливаа авлигын хэрэг давахаас шууд Дээд шүүх рүү очно. Анхан шатны шүүхээр эхэлдэг, тэр нь 1-10 циклтэй сунжирдаг байдал үүгээр цэг тавина. Үндсэндээ авлига, албан тушаалын хэрэгт анхан шатны шүүх гэсэн ойлголтыг халах нь. Засгийн газрын хуралдаанаас Шүүх байгуулах тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлэх шалтгаан нь энэ. Тэгэх ч үндэслэл байна. Хөгжлийн банкаар эхэлж, нүүрсний хулгайгаар үргэлжилж буй тэрбум, их наядын өртөгтэй авлига, албан тушаалын томоохон хэргийн дийлэнх нь анхан шатны шүүхийн түвшинд яваа. Сунжирсан нь ч байна. Сунжруулж байгаа нь ч бас байна. Хугацаа алдсан нь ч бий. Хугацаа хожиж байгаа нь ч мөн бий.

Уг шалтгаан нь олон тайлбартай ч нөлөө бүхий улстөрчид, албан тушаалтнууд холбогдсон хэргийг ийн удааж, гацаадгийн ард ганцхан хардлага дагадаг. Тэр нь хэргээ наймаалцах, эсвэл хэн нэгэн нь уснаас хуурай гарах. Түүхэндээ хамгийн олон УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын оролцоотой ЖДҮ-гийн хэрэг тийм замаар замхарсан, тэгээд мартагдсан. Хөгжлийн банкных ч үүнтэй агаар нэг. Олон нийтийн анхаарлын төвд орсон нүүрсний хулгайд холбогдох хэрэг ч эл жимээр явах магадлал нь өндөр. Тэгэхээр ийм байдалд орохгүйн тулд, эхлүүлсэн тэмцлээ хүчгүйдүүлж, тарамдуулахыг хүсэхгүй яваа Засгийн газар, Ерөнхий сайдад Авлигын шүүх байгуулах санал гаргахаас өөр сонголт үлдээгүй байж мэдэх юм.

Г.Эрхэс