Авлигын индекс айх шалтгаан биш!

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 33 оноо авч 180 орноос 121 дүгээрт жагсав. Энэ нь өмнөх жилийнхээс таван байр ухарсан үзүүлэлт юм. Онооны үнэлгээнд өөрчлөлт ороогүй ч дэлхийн 180 орныг хамруулсан эрэмбээр 116-гаас 121 шилжсэн нь Монгол Улсад авлигын нөлөөлөл амь бөхтэй оршсоор байгаад “Транспэрэнси Интернэшнл”-ээс тавьсан дүн нь энэ. Үндсэндээ эдийн засаг, улс төрийн хамаарал ашиг сонирхлын цаад нөлөөлөлтэй тэмцэхгүйгээр, таслан зогсоохгүйгээр авлигын төсөөллөөс эерэг үр дүн хүлээгээд нэмэргүй гэсэн олон улсын байгууллагын сануулга.

Бодит үнэн нь, боловсон зөвлөгөө нь энэ ч авлигын индексийн эрэмбэ өнөөдөртөө бидэнд айх шалтгаан биш.  Угаас ийм үр дүн, үнэлгээ гарахыг Монгол Улсын Ерөнхий сайд Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр “Транспэрэнси Интернэшнл”-ийн ерөнхий захирал Франсуа Валериантай уулзахдаа хэлсэн байдаг юм. Санаж байгаа бол шүү дээ. Тэгэхэд Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлан, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталсныг Франсуа Валерианд дуулгасан. Ингэхдээ авлигатай хийх тэмцлийг хувь хүн, албан тушаалтан руу чиглүүлэхээс илүүтэй уг системийнх нь түвшинд авч үзэхээр болсноо дуулгасан удаатай. Өөрөөр хэлбэл, суурь шалтгаантай нь тэмцсэнээр урд жилүүдээс ил олон, хамрах хүрээ нь ч томд тооцогдох авлигын хэргүүдийг илчилж эхэлсэн нь 2023 оны авлигын төсөөллийн индекс хойш татагдах шалтгаан болохыг Ерөнхий сайд ч, Франсуа Валериан захирал ч гадарлаж байсан хэрэг.

Системээр нь өөрчилж, шинэчилж, хийж байгаа авлигын эсрэг Засгийн газрын тууштай тэмцлийн үр дүн Ерөнхий сайдын хэлсэнчлэн төсөөллийн индексээ хоёр оронтой тоо руу оруулахад зорилгыг Монгол Улс биелүүлэх нь цаг хугацааны л асуудал болсон гэсэн үг. Хэдийгээр авлигын төсөөллийн индексээр ухрах нь авлигын эсрэг тэмцлийг сааруулахад тааламжтай шалтаг болох эрсдэлтэй ч уг шалтгааныг углуулгаар нь хуулийн хайчинд оруулах галт тэрэг нэгэнт хөдөлсөн нь боломж олгох шалтгаан болохгүй. “Авлигын олон асуудлыг ил болгосон нь хэсэг хугацаанд тухайн улсынхаа нийгэмд бухимдал үүсгэж, үл ойлголцолд хүргэж болох ч гэлээ авлигатай тэмцсэнээр эдийн засаг хүртээмжтэй болж байгааг иргэд, олон нийт ойлгож дэмжсэнээр ялах боломж нэмэгддэг. Тиймээс бид авлигатай тэмцэж тэмцэж байгаа Монгол шиг орныг цаашид ч дэмжсээр байх болно” гэдгийг Франсуа Валериан захирал онцолсон нь ч ийм учиртай. 

Гагцхүү системийн авлигын хамгийн бодит хэмжүүр болсон эдийн засаг, улс төрийн хамаарал ашиг сонирхол бүхий томоохон хэргүүдийг шүүх засаглал нь хэрхэн шударга үнэний талд дэнсэлж, шийдвэрлэх нь Засгийн газрын тэмцлийн бодит хэмжүүр, хөрөнгө оруулагчдад өгөх индикатор болно. 

Гуравдугаар сард хөшгөө нээх энэ парламентын хамгийн отгон бас сүүлчийн хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг тэмцэлд гол хөшүүрэг болох, нийтээрээ нэгдэх суурийг тавих Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж, батлах хүлээлттэй байгаа нь бас нэгэн дэвшил мөн үү? гэвэл мөн.

Г.Эрхэс