"Цахиурын хөндий" дэх Монголын СЭРГЭЛТ!

"Цахиурын хөндий". Технологи, программчлалын чиглэлийн инженерүүд ажиллахад хамгийн таатай орчин. 2000 оноос дэлхийн томоохон "Start-Up" болон технологийн төвөөр тодорсон энэ бүс нутагт жилдээ 600 тэрбум ам.доллар эргэлдүүлж, 105 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татдаг. Тэгэх нь ч аргагүй юм. Дэлхийн хамгийн нөлөө бүхий компаниудын төв оффис тэнд байршиж, технологийн хувьсал, дэвшлийн луужин болсоор удсан нь энэ хөндийн онцлог бас давуу тал нь. Саяхныг хүртэл “Цахиурын хөндий” гэдэг монголчууд, монгол инженерүүдийн хувьд хол сонсогддог байв. Гэвч цаг цагаараа байдаггүй ажээ.

Мэдээллийн технологийн эдийн засгийн 40 хувийг дангаар эзэлж буй “Цахиурын хөндий”-д өдгөө Монголын 350 орчим инженер залуус дэлхийн шилдэг компаниудад ажиллахын зэрэгцээ гарааны бизнес үүсгэж багаараа өрсөлдөж байна. Сонирхолтой нь, технологийн салбарын аварга компаниудыг төлөөлж “Цахиурын хөндий”-д ажиллаж ирсэн тэдгээр залуус эх орондоо хувь нэмрээ оруулахаар нэгдэж буйгаа зарласан нь энэ өдрүүдийн хамгийн анхаарал татахуйц үйл явдал болов. Улсаараа “Цахим үндэстэн” болох бодлого баримтлахаа зарлаж, Засгийн газрын бүтцэд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг тусгайлан шинээр байгуулсан нь 2022 он. 

Энэ хүрээнд “И-Монголиа” системээр дамжуулан Төрийн албыг цахимжуулах ажлыг шат шатанд нэвтрүүлсэн нь түрүүчээсээ үр дүнгээ өгч эхэлсэн. Үүнийгээ Төрийн үйлчилгээг аль болох нэг цэгт төвлөрүүлж ирсэн хуучин арга барилыг халж буй нь тэнд бий болсон хүнд суртал, чирэгдлийг багасгаад зогсохгүй дунд шатны авлигатай тэмцэх хамгийн гол хэмжүүр болоод буй.

Харин энэ удаад Цахим хөгжил, харилцааны холбооны сайдын дэргэд “Цахиурын хөндий”-ын монгол инженерүүдээс бүрдсэн Зөвлөл байгуулж, цахим шилжилтэд оролцоотой явахаар болсон нь маргаангүй сэргэлт юм. Өөрөөр хэлбэл, “Google”-ийн ахлах инженер Б.Баттулга, “SalesForce”-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал М.Сувдмаа, Сан Францискогийн их сургуулийн Бизнесийн сургуулийн захирал Э.Отгонцэцэг, IT Инженер, доктор, судлаач Ш.Баатар, “Мета” буюу Фэйсбүүкийн систем хөгжүүлэгч залуус, “Оракл”, “Амазон”-ы монгол мэргэжилтнүүд Зөвлөлийг бүрдүүлж, “Цахим үндэстэн”-д шилжих бодлогын хөгжлийн тулгуур, мөн цөм болох учиртай. 

Үүнээс гадна Teso Investment, Gund Investment, ICT Group JSC, ONDO, Fibo global, Intelmind, Gerege Systems, Mezorn зэрэг нарын найман аж ахуй нэгж Монгол Улсын мэдээллийн технологийн салбараа төлөөлж “Цахиурын хөндий”-н экосистемд нэвтэрч, олон улсын зах зээлд гарах алхмаа хийсэн нь нэн шинэхэн түүхийг бичив. Өдгөө AND Global, Fibo Cloud зэрэг компани олон улсын зах зээлд амжилттай ажиллаж, оюуны бүтээлээ экспортолж байгаа юм. Гагцхүү “Бид дангаараа мөс зүсэхээс илүү Төв Азийн бүс нутгийн экосистемийг түүчээлж, нөөц боломжоо нэгтгэж, улмаар дэлхийн тавцанд өрсөлдөх замыг товчилно” хэмээх Төв Азийн улс орнуудын мэдээллийн технологийн сайд нартай уулзах үеэр дэвшүүлсэн Н.Учрал сайдын санаачилга ийнхүү биеллээ олж байгаа бололтой. 

Өөрөөр хэлбэл, “Цахиурын хөндий”, Стэнфордын их сургуулийн дэргэдэх “Palo Alto”-д байрлалтай “Торгоны замын инновацийн төв” буюу төв азийн найман орны төлөөллийн хамтран байгуулсан “Silkroad Innovation Hub” Монгол Улсын цахим хөгжлийг тодорхойлох нь. Уг төвийн эхний зорилго нь технологийн болон Төв Азийн найман улсын гарааны бизнес эрхлэгчид хамт бойжиж, эхний жилдээ 30 сая ам.доллараас хөрөнгө оруулалт хүртэх боломжтой аж. Улмаар ирэх долоон жилийн хугацаанд бүс нутгаасаа 5 “unicorn” буюу тус бүр тэрбум ам.долларын үнэлгээтэй технологийн компанийг төрүүлэх зорилготой буйгаа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд илэрхийлжээ.

Анхны жилдээ 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас хүртэх зорилготой ч ердөө долоон жилийн хугацаанд тэрбум ам.доллароор үнэлэгдэх хэмжээний технологийн компани болтлоо өргөжинө гэдэг мэдээж том амбийц. Өнөөдөртөө бидэнд хол сонсогдож болох ч хэн сэтгэж, бүтээж, боломжийг бий болгож байгаа нь хождог, үнэлгээ нь үлэмж өсдөг нь өөрөө технологийн салбарын онцлог. Тийм болохоор л 600 тэрбум ам.долларын эргэлт рүү орох гэж, түүнээс нь хүртэх гэсэн дэлхийн технологийн компаниудын сонирхол “Цахиурын хөндий”-д нэгддэг. Тэгэхээр уул уурхайгаас хэт хамааралтай, нүүрс, зэсийн ханшаас эдийн засгийн үзүүлэлт нь савладаг Монгол Улс мэдээллийн технологийн аварга зах зээл рүү нэвтэрч, тэгш гараанаас эхлэх нь. 

Үндсэндээ хүн амын 65 хувь нь 35-аас доош насныхан эзэлдэг Монгол Улс, Монголын Төр залуус, инженерүүдийнхээ оюуныг дэлхийд гаргах гүүр нь “Цахиурын хөндий” дэх бидний сэргэлт болох ёстой. Монгол залуусын оюун ухаан, ур чадвар дэлхийд танигдаж, бас үнэлэгдэхийн хэрээр технологийн салбар дахь “Торгоны зам”-ын шинэ түүхийг бичих нь. 

Цахим төлбөр тооцооны гол тоглогчдын нэг “Visa” компанийн дэд ерөнхийлөгч Майкл Нунес, “Apple” корпорацийн олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Ник Аман нартай хийсэн уулзалтаар “Apple pay”-ыг долдугаар сарын 1-ний дотор Монгол Улсад нэврүүлэхээр тохиролцсон нь ч бидэнд боломж. Хил дамнасан төлбөрийн үйлчилгээг илүү хурдан, хямд, ил тод, хүртээмжтэй болгохын хэрээр иргэд, аж ахуйн нэгжид өргөн хүрээтэй, үр өгөөжтэй. Ерөнхий сайдын хэлээд байгаа “Цахим үндэстэн” болох цаад зорилгын үндсэн нэг агуулга нь ч ийм. Цахим хөгжил, харилцааны холбооны яамыг яагаад байгуулсан тухай хариулт нь ч энэ юм.

Г.Эрхэс