Замын-Үүд зөвхөн эхлэл нь!

Замын-Үүд. Дорноговь аймгийн нутагт орших эл боомт Монгол Улсын эдийн засаг, худалдааны гол хаалга. 1990 онд ч тийм байсан, одоо ч түүгээрээ л байна. Монгол Улсын хэмжээнд нийт ачаа эргэлтийн экспортын 22, импортын 49 хувь зөвхөн энэ боомтоор нэвтрэн өнгөрдөг. 2019-2023 он хүртэлх хугацаанд нийт импорт 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт, экспорт 2.3 тэрбумаас 3.4 тэрбум ам.доллар болж нэмэгджээ.

Үйл ажиллагааны чиг үүрэг, үндсэн статус нь урд хөрштэй харилцах хамгийн том гарц нь Замын-Үүд гэдгийг эндээс төвөггүйхэн ойлгож болох ч өөр хоорондоо хэдхэн км-ээр хэмжигддэг хоёр улсын боомтын хүчин чадал харилцан адилгүй. Монголынх 30 жилийн өмнөх 1990 ондоо үлдсэн бол БНХАУ-ын XXI зууныхаа хөгжилд хэдийнэ хүрсэн. Эдийн засгийн үзүүлэлт, экспорт, импортын хувь хэмжээ зэргийг Хятадтай харьцуулах боломжгүй. Гэлээ гээд бахь байдгаараа байж бас боломжгүй. Боомтынхоо хүчин чадлыг өргөтгөж, олон улсын жишгээ дагах нь, мөн хүлээн зөвшөөрөх нь хүссэн ч, эс хүссэн ч бидний сонголт. 

Ийм нэг агуулгаар энэ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Замын-Үүдийн боомтыг өргөтгөж, шинэчлэх ажлыг БНХАУ-ын талтай хамтарч хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт дуусгавар болж, ирэх дөрөвдүгээр сараас албан ёсоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхийг Ерөнхий сайд мэдэгдлээ. Ингэснээр нийт найман талбай бүхий уг боомтоор суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврынх нь гурав дахин нэмэгджээ. Үндсэндээ цагт 900 зорчигч нь 5000, 100 тээврийн хэрэгсэл нь 500 болж, өдөртөө 20 мянган хүнд 24 цагаар хүрч үйлчлэх олон улсын боомтыг Монгол Улс удахгүй нээх нь. Үндсэндээ Замын-Үүдийн боомтоор зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдэж байгаа нь энэ.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тулгуур багана болсон экспорт, импортын гол гарцуудаа өргөтгөж, шинэчилж, хүчин чадлыг нь хэд дахин нэмэгдүүлж, бүр олон улсын жишигт нийцүүлж болдгийн бодит жишээ нь Замын-Үүдийн боомт болж байна. Үүнд нь 

Бодлого хэрэгтэй, түүнийг албажуулах шийдвэр шаардлагатай. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн цөм нь ч ийм учиртай. Цар тахлын хүнд Монголын Засгийн газраас БНХАУ-тай хил холболтын цэгүүдийг шийдвэрлэж, экспортын дөрвөн шинэ боомтын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон. Урд хөршийн Засгийн газраас ч үүнийг бодлогоор дэмжиж, түншилсний баталгаа нь Замын-Үүдийн боомтын өргөтгөл юм. Учир нь, БНХАУ-ын Засгийн газрын 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, улсын төсвийн 30.35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төсөл хэрэгжүүлж, ашиглалтад оруулсан нь Замын-Үүд боомт.

Энэ хүрээнд зорчигч тээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам.метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн 2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэж давхардлыг багасгаж, хяналт шалгалтыг хялбарчилсан байдлаар “УХААЛАГ ГАРЦ” систем нэвтрүүлсэн нь ч энэ бүтээн байгуулалтын онцлог.

Цаашдаа Замын-Үүд-Эрээн боомтод хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахаар хоёр тал тохирсныг Элчин сайд Шэнь Миньжюан онцолсон нь анхаарал татаж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний зорилт нь боомтын боомийг тайлах “Боомтын сэргэлт” байсан. Ямар ч байсан үүнийхээ хүрээнд 1990 ондоо таг гацаж, тэг зогссон Зам-Үүдийн боомтыг 30 жилийн дараа өргөтгөж, олон улсын стандартад нийцүүллээ. Хийе, хэрэгжүүлье гэвэл болдог л юм байна. Гагцхүү бидэнд сэтгэл, хамгийн гол нь бодлого дутаж байсны л илэрхийлэмж. Гэхдээ Замын-Үүд зөвхөн эхлэл нь гэдгийг энд тодотгох хэрэгтэй. Үүний араас Бичигт, Шивээхүрэн, Ханги-Мандал, Боршоо, Алтанбулаг, Эрээнцав тэргүүтэй боомтыг Зам-Үүдийн түвшинд хөгжүүлж, өргөтгөх ажил эхэлнэ. Зарим нь түрээчээсээ эхэлчихсэн яваа. 

Хөдөөг сэргээх таван тойрог замын төслийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбоно. Энэ ажлын хүрээнд 2024 онд 1,300 гаруй км авто замын төслийг шинээр эхлүүлэхээ Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдааны индрээс хэлсэн нь санамсаргүй үг биш. Зам дагаж хөгжил, хилийн боомт тойрч эдийн засаг тэлдгийг Монгол Улсын Засгийн газар бодитоор ажил хэрэг болгож, үр дүн гаргаж болдгийг бодитоор харуулах Ерөнхий сайдын байр суурь. Үүнийх нь илрэл БНХАУ-тай түншлэх замаар бүтээн байгуулсан Зам-Үүдийн боомтыг шинэчлэл мөн үү, мөн!

Г.Эрхэс