Шударга ёсны хэмжүүр биш баллуур нь ШҮҮХ өөрөө болсон уу?

“Төрөө хямралаас гаргана”. “Эвтэй байхдаа хүчтэй”. “Шударга байцгаая”. “Монгол ялна”. “Баялагтаа эзэн Монгол”... Энэ бол 1997-2021 оны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон болон ажиллаж байгаа улстөрчдийн сонгуулийн уриа. Одоогийн Төрийн тэргүүн ч орно гэсэн үг. Н.Багабандиас У.Хүрэлсүх хүртэл гэж тооцвол Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн бодлого 24 жилийн турш дээрх сонгуулийн урианд хөтлөгдөж, хувьссаар энэ хүрчээ. Н.Багабандин, Ц.Элбэгдорж нар улиран сонгогдож байсныг эс тооцвол Н.Энхбаяр, Х.Баттулга хоёрын бүрэн эрх нэг удаа буюу дөрвөн жилээр дуусгавар болсон. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зургаан жилээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч нь У.Хүрэлсүх. Чухамдаа үе үеийн болон одоогийн Ерөнхийлөгч нарыг нэр цохож, сонгуулийн уриаг нэхэн сануулж буй нь шалтгаантай. Тэр нь шүүх засаглалд шууд хамаарна. 

Монгол Улс Төрийн байгууллын хувьд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн засаглалын гурван салаа мөчиртэй. Тэдгээр нь УИХ, Засгийн газар, Дээд шүүх хэмээх бүтцэд хуваагдаж, хуваарилагддаг. Ялгаатай нь, УИХ, Засгийн газрын бүрэн эрх сонгуулийн цикл дагаж, дөрвөн жилээр хязгаарлагддаг бол шүүх засаглалынх өөр. Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийн бүрэн эрхийг хуулиар хугацаа зааж заагласнаас бусдаар шүүгчийг бүх насаар нь томилдог. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс саналд үндэслэсэн Ерөнхийлөгчийн зарлигаар албаждаг. Энэ талаасаа Үндсэн хуулиар шүүх засаглалыг тусад нь, тусгайлан хуульчилсан ч түүний бүрэлдэхүүн нь бүхэлдээ Төрийн тэргүүнээс албан бусаар хараат явдгийг ойлгож болохоор. 

Н.Энхбаяр өөрөө байгуулалцаж, бүтээлцсэн шүүх засаглалдаа эргээд “хэрчүүлсэн” болохоос “Элбэгдоржийн шүүх”, “Баттулгын шүүх” хэмээн улс төр, нийгмийн хүрээнд тодотгодог нь тийм ч оргүй яриа биш. Шүүхийг бүрдүүлдэг нийт 500 шүүгчийн тал нь Ц.Элбэгдоржийн, үлдсэн нь Х.Баттулгын зарлигаар томилогдсон гэж харвал ортой л үг. Хэн нэгнээс хараат биш гагцхүү хуульд захирагдаж ажиллах, шийдвэр гаргах нь шүүхийн, шүүгчийн үндсэн үүрэг ч шударга ёсны хамгийн дээд хэмжүүр байх учиртай эл байгууллага эсрэгээрээ баллуур нь болсон уу? гэдгийг батлах мэт үйл явдал ар араасаа гарлаа.  

Хамгийн томоос нь дурдахад Хөгжлийн банкны хэрэг байна. 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эл хэргийг жил гаруйн өмнө шүүхээс дэнсэлж тал хувьд нь ял ногдуулсан. Тэдгээрийн дунд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй нэгэн ч багтсан. Гэтэл жил дамнан дуншсан хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаас нэгжээд хүнийг гэм буруугүй гэж үзсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлэв. Хэргийг Хяналтын шатны шүүхээр дэнсэлж, нэг мөр эцэслэх нь цаг хугацааны асуудал ч Хөгжлийн банк тойрсон ашиг сонирхол, авлига, албан тушаалын хэрэг шилээ даран цагаадаж эхэлсэн нь гүйцэтгэх засаглалынхаа тэмцлийг нурааж, унтраах гол шалтгаан болов. 

Шүүх нь ийм итгэл үнэмшлээр, нийгэм нь тийм хүлээлттэйгээр анхаарлын төвд үргэлж яваа, алдарт нүүрсний хэргээс үр дүн гарах эсэх нь мэдээж эргэлзээ төрүүлнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч МАН-ын Бага хурлын үеэр шүүх байгууллагын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрийн талаар бухимдалтай байгаагаа илэрхийлсэн нь ил болсон нь саяхан. 

Тэрбээр “Шүүх авлигын хэргийг саармагжуулж байгаагаа намайг хорлож байна. Авлигачид ямар хүчтэйг нотолж байна. Хэт хүчтэйгээ харуулж байна гэж эндүүрээд байна. Эсрэгээрээ ард түмэн, олон нийт өдрөөс өдөрт шүүх ямар ихээр авлигад автсаныг ойлгож байна. Үүнийг олон нийт олж харсан нь, үнэн худлыг ялгаж харж байгаа нь судалгааны дүнгүүдээс харагдах болсон. Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж хэт улайрч байгаад өөрөө өөрсдийгөө олон нийтэд хэнээс хамааралтай, хэнд үйлчилж байгаагаа, хараат бус байдлаа бүрэн алдсанаа нотолчихсон. Үүнийгээ удахгүй ойлгох болно. Ер нь энэ бол шүүх засаглалд томоохон реформ хэрэгтэй болсны нотолгоо” гэжээ.

Үнэхээр улс төрд ч, нийгэмд ч том  доргилт үүсгэсэн ч Хөгжлийн банк, нүүрсний хулгай. Үүсгэх, үүсгэхдээ МАН, АН гэлтгүй авлига, албан тушаалын хамаарлаар Монголыг бүхэлд нь хэрсэн, тэрбум, их наядаар нь хулгайлж, тонож ирснийг нээлттэй илчилж, зарласан. Удахгүй нийслэлийн нийтийн тээвэр, газар олголттой холбоотой асуудлаар бас нэгэн сонсголыг зохион байгуулах хуваарьтай. Том луйврын мөрөөр орж, том хулгайг илчилж, том эрх ашгийг хөндөх магадлал өндөр учраас хүний, өөрийнгүй Засгийн газар, Ерөнхий сайд руугаа ноцож, боргох нь мэдээж. Гэлээ гээд замын дундаас буцах эрхгүй, бас хугацаа үлдээгүй болохоор ямар ч хамаагүй аргаар ард нь гарах нь энэ Засгийн үүрэг. Гагцхүү хэрэгт холбогдогч нь хэн байх, хаана харьяалагдахаас үл хамаарсан шударга ёсны төлөөх уг тэмцлийн хамгийн том гажиг, гацаагч нь шүүх байгууллага болж эхэлсэн нь зайлшгүй реформыг зоригтой эхлүүлэх болсны дохио байж мэдэх нь. 

Уг нь, зөвхөн хуульд захирагдаж байгаа бол ажлаа хийх, бүх насаараа ажиллах боломжийг шүүхэд, шүүгчдэд хуулиар олгосон нь ерөөсөө л шударга ёсыг тогтоох дархлаа болохоос баллуурдахын нэр биш ээ! Гэмт хэрэг үйлдсэн, эсвэл өвчний улмаас үүргээ биелүүлж чадахгүй болсон гэх хоёрхон тохиолдолд огцруулдаг дархан эрхийг өнөөдөр хэн эдэлж байна? шүүгч нар л эдэлж байна. Тэр хэрээрээ хүн биш хууль засагладаг тогтолцоо бүрдэж, бэхжиж байх ёстой юм.

Г.Эрхэс