Алганд багтсан ТӨР #2: Монгол Улс 3.5 сая “байцаагч”-тай болов

 

39. 970,355. 12,840,719. 6,090. Энэ бол ямар нэгэн мөнгөний хэмжүүр биш. Жирийн нэг тоо ч биш. Засгийн газраас Цахим хөгжил, харилцааны холбооны яамаар дамжуулж хэрэгжүүлсэн “Шил ажиллагаа”-ны хүрээнд ил болгосон мэдээллийн статистик. Давхардсан байдлаарх хандалтын үзүүлэлт. Бас хуулийн зөрчилтэй эсэхийг шалгуулахаар холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн баримт. Иргэн бүрд анх удаагаа газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан 2002 оноос эхтэй газар олголт, Засгийн газрын Тусгай сангууд, Төрийн өмчийн байруудын түрээс, ТУЗ, барилга, байгууламж ашиглалтад хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүн, тэдгээрийн дүгнэлт зэрэг иж бүрэн мэдээллийг хялбар хайлттайгаас гадна графикын дагуу https://shilen.gov.mn/-ээс харах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, аливаа албан тушаалтан хэзээ ямар шийдвэр гаргасан, хаанахын ТУЗ-д хамаардаг, Засгийн газрын Тусгай сангийн зээлийг хэнд хэдий хэмжээгээр олгосныг алган дээрээ тавьсан мэт хянаж эхэлсэн нь “Шил ажиллагаа”-нд тавих дүн нь. Үндсэндээ Монгол Улсын иргэд 3.5 саяулаа “байцаагч” болсон гэсэн үг.

Саяхандаа, ердөө оны өмнөхөн юм. Боловсролын сангаас зээл авагчдын тухай мэдээлэл түрүүчээсээ ил болсноор улс төр, нийгмийн хүрээнд томоохон шуугиан дэгдээсэн удаатай. Тэгэхэд УИХ-ын гишүүд, Улсын сайд, хуулийн байгууллагын удирдлагууд зэргээр дарга, цэрэггүй эл сангийн зээлээр гадаадын их, дээд сургуульд мэргэжил дээшлүүлснийг нийтээрээ мэдэж авцгаасан, бас эгдүүцэж, бухимдсан. Эхнэрээ, үр хүүхдээ бүр өөрсдөө хүртэл Боловсролын сангаас олон арван мянган ам.долларын зээл авч гадаадын нэр хүндтэй, өндөр төлбөртэй сургуульд мэргэжил дээшлүүлчихээд гэрээний үүргээ биелүүлэх, зээлээ буцаан төлөх нь битгий хэл эсрэгээрээ хувийн рейтингээ өсгөхөд, бизнесээ өргөжүүлэхэд зориулчихаад эцэст нь Төр рүү шургалсан нь илчлэгдсэн. Зөвхөн Монголд харж болох ийм нэгэн увайгүй үйлдвэл өөр нэгэн улсад гарсан бол тухайн улстөрчид дахиж итгэл үзүүлэх нь байтугай Төрд ажиллах эрхийг насаар нь хязгаарладаг дүрэмтэй бас ёс зүй үйлчилж таарна. Гэхдээ л энэ бүх ялзралын багийг хуу татаж эхэлснээр 2023 оны эцсээр 1.2 сая ам.долларын эргэн төлөлт хийгдсэн нь “Шил ажиллагаа”-ны бодит хэрэгжилт, мөн үр дүн.

Үүгээр зогсохгүй Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой 58 байгууллагын ТУЗ-ийн 504 гишүүний цалингийн мэдээллийг нээлттэй болгосон нь уг системийн онцлох нь. Ерөөс “Эрдэнэс Тавантолгой” гэж компани байдгийг мэддэг болохоос ТУЗ-ийг ямар хүмүүс бүрдүүлж, иргэдийн өмнөөс хяналт тавьж ирснийг бид мэдэхгүй. Мэдэхийг хүссэн ч тэр нь хаалттай. Үндэсний агаарын цорын ганц тээвэрлэгч нь МИАТ, бондын хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Хөгжлийн банканд хадгалагддаг гэдгийг гадарлахаас Төрийн болон иргэдийн нэрийн өмнөөс ТУЗ-д нь ямар хүмүүс багтаж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж ирснийг огт мэддэггүй. Шалтгаан нь мөн л адилхан хаалттай гэх шалтаг. 

Хаана нууц байна, тэнд авлига бий гэж үг байдаг. Үүн шиг 30 гаруй жилийн турш нээлттэй хэрнээ хаалттай, хамгийн хаалттай явж ирсэн гажгаас Төр өөрийн санаачилгаар татгалзаж, салбарын яамаараа дамжуулж, ажил хэрэг болгосон нь өнгөрсөн хугацаанд гарч байгаагүй ололт. Засаглалын бүрдүүлэгч дарга анги биш нийгмийг хөдөлгөгч хөшүүрэг болсон иргэн эрх мэдэлтэй байх наад захын үзүүлэлт нь мэдээлэлд тулгуурласан хяналт. Хэдий чинээ мэдлэгтэй байна, төдий чинээ авлигын эх үүсвэрт шууд хяналт тавина, түүнийг сөрж зогсоно, эцэст нь таслан зогсооно. Монгол Улс 3.5 саяулаа “байцаагч” болсон нь ийм л шалтгаантай. “Шил ажиллагаа”-ны хамрах хүрээ, тэнд багтаах мэдээллийн агуулж, бас хүртээмж сайжрахын хэрээр эргээд нийтээрээ “байцаагч”-ийн ажлаа хийж байж хяналтын механизмын тасралтгүй үргэлжилнэ.

Г.Эрхэс