Хаяанд ирсэн эрчим хүчний СЭРГЭЛТ!

...Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь дотоодоос хангаад зогсохгүй, эрчим хүч экспортлогч орон болох боломжтой... /2022 оны есдүгээр сарын 7/

...Эрчим хүчний салбар ашигтай ажиллах ёстой. Энэ нь өөрөө эрчим хүчний сэргэлт. Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж байж, ногоон эдийн засаг хөгжинө. Жил бүр 200 гаруй сая ам.долларын эрчим хүч гаднаас авч буйг бууруулахын тулд Та бүхэн энэ цаг үеийг ашиглах ёстой. Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллаж байна... /2023 долоодугаар сарын 17/

...Боомтыг сэргээсэн шиг, аялал жуулчлал шийдлээ олсон шиг, “E-Mongolia”-г энгийн хэрэглээ болгосон шиг бид одоо эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон. Засгийн газраас Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, Богд уулыг тойрсон шинэ төлөвлөлтийн шийдэл гаргаж байгаа учраас эрчим хүчний салбарт онцгой анхаарна... /2024 оны дөрөвдүгээр сарын 20/

…30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын либералчлалыг цаг алдалгүй хийхэд улстөржилгүй хамтран ажиллахыг Та бүхнээс хүсье. Эрчим хүчний салбарыг эргэн сэргээхгүйгээр хот байгуулах, эдийн засгийг тэлэх гэдэг бол хоосон мөрөөдөл юм… /2024 оны долоодугаар сарын 6/

…Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын үеэр ярилцсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшилж буйд баяртай байна... /2024 оны есдүгээр сарын 3/


Энэ бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон цагаасаа эрчим хүчний салбарт хамаарах асуудлаар илэрхийлж ирсэн байр суурийн хураангуй. Дорнын эдийн засгийн VII чуулганы индрээс мэдэгдсэн нь ч байна, энэ салбарынхтай уулзах үеэрээ албан ёсны ажил хэрэг болгохоо амалсан нь ч бий. Хамгийн сүүлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монголд хийсэн айлчлалын үеэр энэ тухайгаа дахин хөндөж, бас сануулав.

Угаас Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар өөрөө авторлож, түрүүчээс нь үр дүнд хүрч эхэлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хоёрдугаарт эрэмбэтэй Эрчим хүчний сэргэлтийн тэргүүн зорилт нь “Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ” хэмээн цагаан дээр хараар бичсэнийг УИХ-аар хэлэлцэж баталсан нь 2021 он. Энэ хооронд боомтын боомийг тайлж, аялал жуулчлал түүхэндээ байгаагүйгээр өндөр өсөлттэй гарсан нь Монгол Улс “Шинэ сэргэлтийн бодлого” гэсэн урт хугацааны хөгжлийн луужинтай болсны илрэл мөн үү, гэвэл тийм. Гэвч эдгээрээс хамгийн хол хоцорч, хөрөнгө оруулалт хийх нь битгий хэл бахь байдгаараа байж ирсэн ганц салбар нь эрчим хүч гэдгийг өнгөрсөн өвлийн дараалласан хязгаарлалтууд хангалттай харуулж, бас мэдрүүлсэн. Мэдээж энэ нь хэд хэдэн шалтгаантай.

Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн үнээс хэд дахин хямд эрчим хүчний бодит өртгөө нууж, өнөөдрийн асуудлыг аргацааж хойш тавьсаар эрчим хүчний салбар эрчээ алдаж, хөгжлийн боломжийг гажуудуулсан гашуун үнэн. Хоёрдугаарт, манай улсын дулааны станцуудын насжилт 36-61 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 33-63 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан бас нэгэн үнэн. Гуравдугаарт, шинээр эх үүсвэр барих, одоо байгаагийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, хамгийн гол нь эрчим хүчний үнийг чөлөөлөх замаар энэ салбарыг либералчлахгүйгээр ямар ч сайн бодлого, шийдвэр гаргасан биеллээ олохгүй нь бидний хүлээн зөвшөөрөх учиртай ганц үнэн.

Эцэстээ оргил ачааллын үед хэсэгчлэн хязгаарлалт хийж аргалж, аргацаасан байдалтай нэг өвлийг арай ядан давсан Монгол Улс энэ удаад эрчим хүчний сэргэлт рүү хүч хаяж эхэллээ. Ингэхдээ эрчим хүчний үнэ тарифыг ирэх арваннэгдүгээр 1-нээс нэмэхээр болов. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний сэргэлтийн суурийг тавих эхний шийдэл энэ салбарыг алдагдалгүй болгох нь чухал уу гэвэл, тийм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 15 мега төслийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд эрчим хүчний найдвартай эх үүсвэрээ хангах нь зүйн хэрэг. Аж үйлдвэр гэлтгүй улс орны тусгаар тогтнолын баталгаа нь эрчим хүч байдаг болохоор. Гэхдээ өнөөгийн нөхцөлд тийм боломж хомс.

Уг нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц гэхэд 14 мянган гега. Үүнийгээ ашиглах бус аргацааж ирсний гор нь өнгөрсөн өвлийн хязгаарлалт. Үндсэндээ улс төрийн болон нийгмээс ирэх шүүмжлэл, эсэргүүцлээс үл хамаарсан зоригтой шийдэл, шинэчлэл энэ салбарт хэрэгтэйг ойлгоход бид даруй 30 жилийг зарцуулснаа гүйцэтгэх засаглалын түвшинд ийн хүлээн зөвшөөрч эхэлсэн нь маргаангүй СЭРГЭЛТ. Нийлүүлэлт өсвөл үнэ эргээд буурна. Зах зээлийн зарчим нь ч тийм. Хэтэрхий хожуу, энэ Засгийн үед шийдвэр нь гарч буй ч эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэхээр болсон гол үндэслэл ийм.

Ийнхүү асуудлын учиг дотроосоо, өөрсдөөс нь хамааралтай байж ирснийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улс эрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтрахаа илэрхийлж, ээлжит нэгэн нүүдлээ баталгаажуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс ч ойрын хугацаанд эрчим хүчний реформ хийхээ Дэлхийн банкны Хятад, БНСУ болон Монголыг хариуцсан захирал Мара Уорвик, Суурин төлөөлөгч Таехюн Ли нарт илэрхийлж, мэргэжлийн экспертүүдийн дэмжлэг хэрэгтэй байгааг онцолжээ. Хариуд нь Засгийн газрын зорилт, бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болсон эрчим хүчний реформыг эхлүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулахад хамтран ажиллахад бэлэн гэдгээ Дэлхийн банкны төлөөлөгчид хэлсэн байна. Ингэхдээ Засгийн газар, Дэлхийн банк хооронд хамтран ажиллах цогц төлөвлөгөө гаргахад талууд санал нэгджээ.

Нэг үгээр, ирэх арваннэгдүгээр 1-нээс албан ёсоор хэрэгжүүлэх үнэ тарифын нэмэгдлээр эхлүүлэх эрчим хүчний реформ Засгийн газраас Дэлхийн банктай хамтарч боловсруулах цогц төлөвлөгөөгөөр өргөжиж, ажил хэрэг болгосноор энэ салбарт бодитоор СЭРГЭЛТ ирэх нь цаг хугацааны л асуудал болох нь! 

Г.Эрхэс