Мал аж ахуйн салбарын сайн туршлагыг нэвтрүүлнэ

Т.Жереми нь 31 жилийн өмнө Монголд ирж суурьшин иргэдэд хүнсний ногоо тарих сургалт явуулж эхэлсэн бөгөөд газар тариалан, махны чиглэлийн фермер эрхэлдэг. Жилд 70 мянган тонн орчим махыг зах зээлд нийлүүлж, орон нутгийн төсөвт 77.2 сая төгрөгийн татварын орлого оруулж ирсэн туршлага болон төслөө танилцуулав. Тухайлбал, монгол үхрийн махны чанар, амт бусад улс орныхтой харьцуулшгүй сайн тул дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж, гарц бий гэдгийг онцоллоо. Тэрбээр нэг үхрийг тэжээж, зах зээлд нийлүүлэхэд есөн сарыг зарцуулдаг бол бусад малчин хоёр жилийг зориулж байгаа нь ихээхэн зардал, эрсдэл үүсдэг учраас нэгдэж, хоршиж ажиллах нь илүү өгөөжтэй гэв.

Бэлчээрийн даац хэтэрч, уламжлалт мал аж ахуйг ухаалаг шийдлээр, байгаль цаг уурын нөлөөллөөс ангид өсгөж, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх арга туршлагын талаарх фермер Т.Жеремийн саналыг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн гэдгийг УИХ-ын гишүүн М.Мандхай илэрхийллээ. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, гарал үүслийн баталгаатай, эрүүл, чанартай махыг хэрэглэгчдэд нийлүүлж байгаа туршлагаасаа бусад аймаг, сумдын малчдад хуваалцахыг дэмжинэ гэлээ. “Шинэ хоршоо”-ны хоршоологчдыг тогтмол мэдлэгжүүлж, чадавхжуулах нь үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжихэд онцгой ач холбогдолтойгоос гадна малын ашиг шим нэмэгдэж, агро-бизнес хөгжих, хөдөө аж ахуйн экосистем бүрдэх бүрэн боломжтой гэдгийг тодотголоо.