Импортоор орж ирэх автомашинд өнөөдрөөс хотын дугаар шинээр олгохгүй
Б.Тулга: Хотгор шанагатай холбоотойгоор Даянгийн боомт руу уул уурхайн бүтээгдэхүүн явуулахгүй
Хөшөөт, Бургастай, Шивээхүрэн-Шинэжинст, Хотгор шанага, Даянгийн боомт чиглэлд авто зам тавих төлөвлөгөө бий эсэх талаарх асуултад Б.Тулга сайд хариулахдаа “Боомт руу авто зам тавих асуудлыг хоёр талын худалдаа, аялал жуулчлал хөгжих боломжийн талаарх судалгаанд үндэслэн шийдвэрлэж байгаа. Аливаа боомт руу хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийг байгуулахын тулд ТЭЗҮ, зураг хийсэн байх ёстой. Бид Шивээ хүрэн, Хөшөөт, Бургастай, Хөшөөтөөс Байтаг боомт руу хувийн хэвшилтэй түншлэн, хамтраад авто зам тавих ТЭЗҮ, зураг төслийг хийж байна. Даянгийн боомт руу авто зам тавих ажил ч ялгаагүй ТЭЗҮ, зураг төслийг нь хийгээд, холбох ажлыг эхлүүлээд байгаа. Хотгор шанагатай холбоотойгоор Даянгийн боомт руу уул уурхайн бүтээгдэхүүн явуулахгүй. Учир нь Даянгийн боомт Монгол Улсын хамгийн үзэсгэлэнтэй Алтай таван богдын тусгай хамгаалалттай газарт байрладаг. Цаад талтайгаа ч аялал жуулчлалын чиглэлээр харилцах, хөгжүүлэх зорилготой гэдгийг энэ ташрамд хэлье” гэв.
Таван толгой-Цагаандэл-Уул чиглэлийн хүнд даацын авто замын бүтээн байгуулалтын талаарх асуултад Б.Тулга сайд хариулахдаа “Тавантолгой-Цагаандэл-Уул хилийн боомт чиглэлийн 270 км хүнд даацын хатуу хучилттай авто зам барих барих концессыг 2019 онд зарлаад, аж ахуйн нэгж нь шалгараад үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн байгаа. Ерөнхий сайд 2022 онд тус аймагт ажиллах үеэр иргэд энэхүү бүтээн байгуулалтын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг анхаарч үзэхийг хүссэн. Иймээс ажлыг нь түдгэлзүүлээд, аж ахуйн нэгжид нутгийн иргэдтэй уулзах, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг хамгийн бага байлгах шаардлагыг үүрэг болгосон. Түүнчлэн энэ асуудлыг говиос сонгогдсон гишүүд, говийн сумдын төлөөллийг оруулаад хэлэлцэн шийдвэрлэх үүргийг надад өгсөн. Бид нарийвчилсан үнэлгээ, зураг төсөл бэлэн болохыг хүлээж байна, дараа нь талуудтай зөвлөлдөх юм” хэмээн хариуллаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүнээс өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Зам, тээврийн яамнаас ажлын хэсэг байгуулж, Цагаандэл-Уулын боомтод ажиллаж байгаа гэдэг мэдээллийг Б.Дэлгэрсайхан сайд өгөв.