Л.Мөнхбаатар: Улс төрийн намын тухай хуулийг дахин сунгахгүй байх нь зүйтэй

Намрын ээлжит чуулганы хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төслийн холбогдох зүйлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

Л.Мөнхбаатар гишүүний энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Төсөл дэх зохицуулалттай холбоотой асуудлаар Б.Пүрэвдорж гишүүн байр сууриа илэрхийлсэн бол Х.Баасанжаргал гишүүн хуульд өөрчлөлт оруулснаар үүсэх үг дагаварын талаар тодруулсан. Мөн тэрбээр улс төрийн нам нь ардчиллын суурь бүтэц, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг зохион байгуулалтаар хангадаг. Энэ бүтцийн үйл ажиллагаа хариуцлагатай байж гэмээ нь иргэдийн засаглах эрхийг хангах, төрд итгэх итгэлийг өсгөхөд их чухал үүрэгтэй. Тиймээс намууд хуулийг хэрэгжүүлнэ хэмээн найдаж байна гэлээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулахдаа “Төслөөр зөвхөн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын хуулийн 2 дугаар зүйл дэх намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээ авч, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх хугацааг өөрчилж байгаа” хэмээв. Цаашдаа дахиж хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулахгүйгээр, хэрэгжилтийг хангах шаардлагатай гэдэг хариултыг өгсөн. Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд 7 нам дүрмээ шинэчилж, бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлээд байгааг энэ ташрамд дуулгасан. 

Ө.Шижир гишүүн, төсөл дэх хуулийн хугацааг дахин өөрчилж, тухайн заалтын хэрэгжих хугацааг дахин хойшлуулах саналыг намууд гаргавал хэрхэх талаар тодруулсан. Улс төрийн намын тухай хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд дагаж мөрдөх журмын тухай хуулиар тус хуулийн хэрэгжилтийг хангуулах, үүрэгжүүлэх зохицуулалтыг хуульчилсан. Төслийг батлаад, хэрэгжүүлсний дараа цаг хугацаандаа дүрмээ шинэчлээгүй, хуулиа мөрдөөгүй намыг бүртгэхгүй. Иймд намууд хариуцлагатай байх ёстой, дахиж дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах ойлголт байж болохгүй гэдэг хариултыг Н.Учрал сайд өгсөн.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хэлэхдээ “Намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлээд Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг сунгах шаардлагыг парламентад суудалгүй намуудаас хүссэн. Энэ дагуу нэг жилээр сунгаж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө одоо бүх нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээж байна. Дахин сунгахгүй байх нь зүйтэй” гэв. Мөн тэрбээр Үндсэн хууль дахь “…Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна…” гэсэн хэсэг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих хугацаатайг сануулж байв. Сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй гэдэг нь статистикаар 22.000 орчим гишүүнтэй нам л улсын хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулах юм байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байдаг 37 нам үүнийг анхаарч, хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагатайг хэлсэн. Мөн 2 болон түүнээс дээш сонгуульд оролцоогүй намыг идэвхгүйд тооцох, намын удирдах байгууллага, төлөөллийн төв байгууллагаа 5 жил тутам хуралдуулах, эс бол идэвхгүйд тооцох зэрэг олон шаардлагыг хангах үүрэг хүлээж байгааг хэлж байв.