Б.Чойжилсүрэн: Алслагдсан хэрэглэгчдийн дулааны хангамжид хүндрэл үүсэж болзошгүй
Бодлогын асуудлын хүрээнд салбарын өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэлийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулж, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар хот өвөлжилтөд хэрхэн бэлтгэж байгааг ярьсан юм. Өнгөрөгч наймдугаар сарын 15-ны байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажил дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй байгааг сайд мэдээлж, дулааны цахилгаан станцуудын бэлтгэл ажил 61, цалилгаан дамжуулах, түгээх сүлжээний бэлтгэл 63, дулааны станц, шугам сүлжээнийх 72, нүүрсний уурхайнуудынх 65 хувьтай байна гэлээ. Салбарын хэмжээнд 1793 нэр төрлийн ажил хийгдэхээс 788 ажил дуусаж, 468 нэр төрлийн ажил үргэлжлэн хийгдэж, 537 нэр төрлийн ажил эхлээгүй байгаа аж. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн суурилагдсан хүчин чадал 2418 Гкал/ц бол холбогдсон нийт ачаалал нь 3558 Гкал/ц хүрээд байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэлдээ дурдав. Алслагдсан хэрэглэгчдийн дулааны хангамжид хүндрэл үүсэж болзошгүй байгаа ч өвлийн их ачааллын горимд эрчим хүчний салбар бэлэн байгаа гэдгийг тэрбээр илэрхийллээ.






