Азийн эмэгтэй парламентчид Монголд чуулна

Монгол Улсын Их Хурал, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сантай хамтран Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн 2025 оны чуулга уулзалтыг 2025 оны 9 дүгээр сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. 

Азийн эмэгтэй парламентчдын бүлэг нь 2011 оноос хойш жил бүр чуулж, бүс нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг дэмжих, чадавхыг бэхжүүлэхэд чиглэн ажиллаж ирсэн уламжлалтай. Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан нь тус бүлгийн гишүүнээр ажилладаг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах ажлыг санаачилсан юм.

“Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт–2025” нь “Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Чуулга уулзалтаар хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төсвийн бодлого, хиймэл оюун ба дижитал санхүүгийн хүртээмж, асаргаа халамжийн хөдөлмөрийн үнэлэмж, бизнес эрхлэлт, санхүүжилтийн хүртээмж ба парламентын үүрэг, оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Чуулга уулзалтад Ази тивийн 13 улсын хууль тогтоогчид оролцох юм.