"Эдийн засгийг төрөлжүүлж, уул уурхайн хамаарлыг бууруулах зохицуулалт шаардлагатай"
Т.Аубакир: Xөдөлмөрлөх эрхийг хангуулахад онцгой ач холбогдолтой
Засгийн газраас энэ 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл танилцуулав.

“Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод 151 улс орон нэгдэж орсон нь хүний эрх ялангуяа ажлын байран дахь хөдөлмөрлөх суурь эрхүүдийг хангах, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцооны чиг үүргүүд, ажилтныг сонгон авахад тавигдах шаардлага, хөдөлмөрийн хяналтын байцаагчдын нөөц боломж, тэдний эрх, үүргээ хэрэгжүүлэх, эрх мэдэл, хариуцлага, бие даасан болон тэгш шударга байдал зэргийг хамарсан зохицуулалтууд тусгагдсан байна. Конвенцод нэгдэн орсноор Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулж, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдний хөдөлмөрлөх эрхийг хангуулахад онцгой ач холбогдолтой болохыг Т.Аубакир танилцууллаа. Хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ оны 9 дүгээр сарын 23, 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаар Х.Жангабыл гишүүн танилцуулаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус конвенцод нэгдэн орохыг зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн гэв.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Ганхүлэг, П.Наранбаяр нар асуулт асууж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.
Гишүүдийн асуултад ажлын хэсгээс дараах мэдээллийг тодруулж, хариулт өгсөн. Хөдөө аж ахуйн салбарт 337 мянга орчим иргэн ажиллаж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн байдлаар ойн аж ахуй, газар тариалангийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам зөрчсөнтэй холбоотой 17 осол, амь насаа алдсан хоёр тохиолдол гарсан байна. Мөн бүртэгддэггүй тохиолдол цөөнгүй байдаг гэв. Хэлэлцэж буй конвенцын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн хяналтыг сайжруулах, ялангуяа хяналтын байцаагчдын чадавхыг энэ чиглэлээр бэхжүүлэх нөхцөл бүрдэх аж. Энэ салбарт байдаг туслах малчин тэргүүтэй улирлын болон түр ажлын байранд хөдөлмөрийн харилцаа тодорхойгүй, гэрээ байгуулдаггүй нөхцөлийг энэ конвенцод нэгдсэнээр сайжрах эсэхийг лавлахад “Монгол Улс өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй хоёр конвенцод нэгдэхээр олон жил ажиллаж, хууль эрх зүйн орчноо конвенцод нийцүүлэх ажлуудыг хийсэн. 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчны талаарх хөдөлмөрийн харилцааны асуудлыг албажуулах чиглэлээр зарчмын өөрчлөлтүүд орсон. Одоогийн байдлаар энэ хөдөлмөрийн харилцаанд туслах малчдын асуудлаар хөдөлмөрийн гэрээний загварыг гаргах, малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг сайжруулах чиглэлээр сургалт, арга зүйн талаар мэдээлэл өгөх ажлуудыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Энэхүү конвенцод нэгдэн орсноор хөдөө аж ахуйн салбарт албан бусаар ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарах, мөн салбарын ажиллагсад хөдөлмөрийн байцаагч нараас зөвлөгөө, мэдээлэл авахаас эхлээд олон талаар хамтарч ажиллах боломж нэмэгдэх юм” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Ажиллах хүчний хомсдлын чиглэлээрх салбарын яамны бодлогын талаарх асуултад мөн хариулт өгсөн. Энэ нь зөвхөн Монгол Улсад тулгамдаад байгаа асуудал биш гэдгийг ажлын хэсгээс тодотгоод “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 34 мянга орчим гадаадын иргэд ажиллаж байгаа. Гадаад иргэнийг ажиллуулахдаа аж ахуйн нэгж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөр төлдөг. Эрх зүйн орчныг шинэчлээд аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг таван салбарын ажиллах хүчнийг дээрх төлбөрөөс чөлөөлсөн. Салбарын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэм сан хөдөлмөр эрхэлдэггүй иргэдтэйгээ тулж ажиллан, 5000 өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, мэргэжилтэй болгох, ажлыг байранд зуучлах бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Гадны ажиллах хүчтэй холбоотой асуудлаар бол хуульдаа нийцүүлээд нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх бодлогыг хэрэгжүүлж байна” гэлээ. Үүний сацуу гадаадад ажиллаж буй Монгол Улсын иргэдийн асуудлыг анхаарах хүрээнд найман улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан, одоо Япон Улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа гэх мэдээллийг салбарын яамнаас өгсөн.