"Эдийн засгийг төрөлжүүлж, уул уурхайн хамаарлыг бууруулах зохицуулалт шаардлагатай"
П.Сайнзориг: 2024 онд нийт тендер шалгаруулалтын 44 хувь нь амжилтгүй болж дахин зарлагдсан
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 28 гишүүний энэ оны 7 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. П.Сайнзориг гишүүн төсөл санаачлагчийн илтгэлийг, Б.Заяабал гишүүн Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг танилцуулав.
Монгол Улсын урт хугацааны урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д төрийн худалдан авалтаар бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих, төрийн худалдан авалтыг ногоон худалдан авалтад үе шаттайгаар шилжүүлэхээр тусгасан гэдгийг дурдав. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжих, худалдан авах ажиллагааны тогтолцоог оновчтой болгох, хиймэл оюуныг ашиглах, том төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн гэв. Гэвч худалдан авах ажиллагааны өнөөдрийн бодит нөхцөл байдал нь оролцогчдод тавих шаардлага, тендерийн баталгаа, татвар, нийгмийн даатгалын өр төлбөртэй холбоотой шалгуур нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг тендерт оролцох боломжийг хязгаарлах нөхцөл болж байгаа гэв. Сүүлийн жилүүдэд тендер шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжийн тоо буурч, оролцогчгүй тендерийн тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд 2024 онд нийт тендер шалгаруулалтын 44 хувь нь амжилтгүй болж дахин зарлагдсан гэх баримтыг танилцуулав. Тендер шалгаруулалтад оролцох болон зохион байгуулахад зардал, цаг хугацаа их шаардагдаж, тендерийг давтан зохион байгуулж байгаа нь төлөвлөсөн ажлыг хугацаанд нь хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгааг ч дурдсан. Үүний зэрэгцээ цахим дэлгүүр дэх бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл, захиалагчийн хэрэгцээг бүрэн хангахгүй, том төслүүдийн тендер шалгаруулалт гэрээ байгуулах зохицуулалт уян хатан бус байгааг танилцуулгадаа онцолжээ. Түүнчлэн худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт болон гомдол, маргаан хянан шийдвэрлэх тогтолцоог олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүссэн хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Эдгээр хэрэгцээ, шаардлагад үндэслэн холбогдох зохицуулалтыг тусгахад хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орох болсон тул Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Энэхүү төслөөр төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтаас гадна төрийн болон орон нутгийн өмчит компани төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн худалдан авах ажиллагааг зохицуулж байгааг харгалзан “Төрийн худалдан авах ажиллагааны тухай” хэмээн нэрийг нь өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн болохоо танилцуулав.


Хуулийн төслөөр худалдан авах ажиллагааны үр ашиг, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, оролцогчдын санхүүгийн болон захиргааны ачааллыг бууруулахын зэрэгцээ эх оронч худалдан авалтыг дэмжиж, дотоодын болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зохицуулалтыг түлхүү тусгажээ. Тухайлбал, 10 тэрбум төгрөг хүртэлх тендерт баталгаа шаардахгүй байх, татвар, нийгмийн даатгалын төлбөрийг тендерээс шууд татгалзах үндэс үндэслэл болохгүй байх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санал болгосон дотоодын бараанд давуу нөхцөлөөр үнэлгээ хийх, орон нутгийн үйлдвэрлэл, ажлын байрыг төрийн худалдан авалтаар дэмжих боломжийг нэмэгдүүлэх зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, нийгмийн оролцоог дэмжих хүрээнд тэдний үйлдвэрлэсэн чанар стандартын шаардлага хангасан барааг шууд худалдан авах, бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолт, хүртээмжийн шалгуурыг тусгах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн аж ахуй эрхлэгчид худалдан авах ажиллагааны давуу эрх эдлэхээр тусгажээ. Үүний зэрэгцээ худалдан авах ажиллагаанд чанар, үнийн хосол хослолыг харгалзан гүйцэтгэгчийг сонгох, хиймэл оюун болон технологийн дэвшлийг нэвтрүүлэх, тендер шалгаруулалтыг шуурхай хэлбэр цахим хэлбэрээр зохион байгуулах, том төслийн худалдан авах ажиллагаанд чадавхад суурилсан хэлэлцээний аргаар хэрэглэх, гомдол, маргааныг байнгын ажиллагаатай зөвлөлөөр шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан болохоо П.Сайнзориг гишүүн танилцууллаа.