"Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ"

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаровтой албан ёсны уулзалт хийлээ. 

Шадар сайд Н.Номтойбаяр Төв Ази дахь чухал түнш БНКазУ-тай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг хэмээв. Сүүлийн жилүүдэд хоёр орны дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж байгаа бөгөөд Төрийн тэргүүн нарын хэлэлцсэн асуудлуудыг бодит ажил болгоход идэвхтэй ажиллаж буйгаа илэрхийлэв. ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тээвэр, логистикийн шинэ дөт маршрут бий болгох, Казахстан Улсаас газрын тосны түүхий эд нийлүүлэх, Монгол Улсад Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буйтай холбогдуулан баруун бүсэд халал махны хэрэглээтэй зах зээл рүү чиглэсэн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах томоохон үйлдвэр байгуулах зэргээр үр дүнтэй хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Ингэснээр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ гэж дүгнэж байна гэв. 

Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд А.Сапаров Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны дөрөвдүгээр сард БНКазУ-д төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцаанд томоохон түлхэц өгсөн бөгөөд Засгийн газар Төрийн тэргүүн нарын байгуулсан гэрээ хэлэлцээг бодит үр дүнд хүргэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Хоёр улсын худалдааны эргэлт 7.7 хувь нэмэгдэж, 133 сая ам.долларт хүрсэн хэдий ч энэ тоог нэмэгдүүлэх өргөн боломжтой. Тиймээс тээвэр логистикийн чиглэлээр хамтран ажиллаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал буйг тодотголоо. 

Талууд хоёр улсын Ерөнхийлөгч нарын ярьж тохирсон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, газрын тосны түүхий эд нийлүүлэлтийн асуудлаар харилцан санал солилцлоо.