Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар дэгийн дагуу товыг танилцуулах үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх талаар хөндсөн. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцүүлсэн болохыг хуралдаан даргалагч мэдээлэв.

Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдахдаа Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Тус дэд хороог УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Дам.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ. Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул намрын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.