Т.Аубакир: Халамжийн зардлыг гэр бүлийн хөгжил рүү чиглэсэн илүү оновчтой тогтолцоо руу шилжүүлнэ
Т.Аубакир: Халамжийн зардлыг гэр бүлийн хөгжил рүү чиглэсэн илүү оновчтой тогтолцоо руу шилжүүлнэ
Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцууллаа. Одоогийн халамжийн зардлыг гэр бүлийн хөгжил рүү чиглэсэн илүү оновчтой тогтолцоо руу шилжүүлж байгаа гэдгийг тэрбээр онцолж, хуулийн төслийг боловсруулсан үндэслэл, хэрэгцээ шаардлага, холбогдох судалгаа, Монгол Улсын гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, төсөлд тусгасан зохицуулалтууд, хууль батлагдсанаар гарах үр дүн зэргийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Хуулийн төсөлд дараах суурь зохицуулалтуудыг тусгажээ. Үүнд,
-
Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг анхны ипотекийн зээл болон түрээсийн орон сууцад тэргүүн ээлжид хамруулах, урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд зээлийн батлан даалт гаргах;
-
Бага насны хүүхэдтэй болон асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүн бүхий ажилтанд уян хатан, зайнаас ажиллах нөхцөл бүрдүүлэх;
-
Гэр бүлийн өдөр тохиосон 7 хоногийг амралтын өдөр болгох
-
Гэр бүлийн боловсрол, зөвлөгөө, сэтгэл зүйн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх;
-
Хүүхдийн мөнгө, жирэмсний тэтгэмж, алдарт эхийн урамшууллыг хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд зохицуулах;
-
Гэр бүлд чиглэсэн төрийн үйлчилгээг нэгтгэсэн E-Family платформ ажиллуулах.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, А.Ариунзаяа, Д.Ганмаа, Б.Хэрлэн, Б.Бейсен, С.Эрдэнэбат, О.Саранчулуун нар асуулт асууж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг дурдаж, тэдгээрийг эрх зүйн хүрээнд шийдвэрлэж чадах эсэхийг түлхүү сонирхож байлаа. Тухайлбал, гэр бүл салалтын нийгмийн шалтгаан, нөхцөлийг шийдвэрлэх, эдийн засгийн бодитой хөшүүрэг бий болгох, ахмад болон нийлмэл гэр бүлийг хэрхэн дэмжих, хөдөө, орон нутагт ганц бие залуус олон болсон талаар ямар бодлого явуулах, хуулийн хэрэгжилтийн үр дүнг хэрхэн хэмжиж, дүгнэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөв. Түүнчлэн Хүүхдийн төлөө сангийн хуримтлал, түүний зарцуулалтыг нягтлах, үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэндийн болон бусад салбарын холбогдох хууль, тогтоомжийг уялдуулан нийцүүлэх, албан болон албан бус секторт ажиллаж байгаа гэр бүлүүдэд хуулийн үйлчлэлийг адил тэнцүү хүргэхэд анхаарах гэх мэт олон асуудлыг онцлон дурдсан юм.

Албан ёсны судалгаагаар манай улсад хүн амын өсөлт удааширч, гэрлэлтийн тоо буурч, гэрлэлт цуцлалт нэмэгдэх хандлагатай байгааг ажлын хэсгийн гишүүд мэдээлж, санхүүгийн хүндрэл, орон сууцны нөхцөл, хадмын харилцаа, хүүхдийн асаргаа зэрэг олон хүчин зүйл гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, боловсрол, эрүүл мэндийн байдал, сэтгэл зүйн үйлчилгээ гэх мэт олон салбарыг хамарч байгааг хэлж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Зулпхар, О.Саранчулуун нар үг хэлж, зохицуулах шаардлагатай харилцааг хуулийн төсөлд тодорхой, хэмжигдэхүйцээр, мөн бодитой хэрэгжиж, үр дүнд гарахуйцаар тусгах шаардлагатайг анхааруулав.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөлтэй уялдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг дагалдах хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар нэг бүрчлэн санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.