УРАН: Хөрөнгө оруулалтын гэрээтэй зэрэгцсэн бас нэгэн сенсаац!

Стратегийн том төсөл дагасан Хөрөнгө оруулалтын гэрээг тийм ч амархан, алга урвуулах төдийд боловсруулж, баталж, баталгаажуулдаггүй. Тэр тусмаа Монгол шиг мятрашгүй “эх оронч”-дын бүхэл бүтэн армитай оронд. Энэ нь мэдээж олон шалтгаантай. Нэгдүгээрт, дотоодын улс төр. Хоёрдугаарт, гадаадын нөлөө. Гуравдугаарт, тухайн орд тойрсон хөрөнгө оруулагчдын өөр хоорондын толхилцоон. Дөрөвдүгээрт, өмнөхөө үгүйсгэж, үргэлж баллуурдаж ирсэн Монгол Төрийн ой санамжгүй шийдвэр. Үүнд авлига дагасан албан тушаалын хэрэг ч хамаарна. Тавдугаарт, ерөөс улс төрд тодрох гэсэн хэсэг бүлгийн дамжин өнгөрөх буудал, шат ахих гол “бай” нь том төсөл болдог гэмтэй. Товч бөгөөд тодорхой таван шалтгаан гэвэл ерөнхийдөө ийм.

“Гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалттай цорын ганц бөгөөд хамгийн том төсөл болох Оюу Толгой ч энэхүү маршрутаар явсан, одоо ч яваа. Залгуулаад Францын “Орано майнинг”-тай хийх Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж эхэлсэн энэ цаг үед дээрх агуулга дахин сэдрэх нь цаг хугацааны л асуудал болов. Үүнтэй зэрэгцээд ураны ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Бадрах Энержи” компанид холбогдох шүүх хурал Францад болсон нь анхаарал татаж байна. Асуудал нь авлигын хэрэг. Санаж байгаа бол “Бадрах Энержи” нь “Арева” нэртэйгээр ураны төслийг Монголд хэрэгжүүлдэг байсан нь саяхан. Бүр тодруулбал 2018 оныг хүртэл. Сонирхолтой ч гэх үү, тохуутай нь энэ хугацаанд буюу 2013-2017 оны хооронд Монголын Төрийн албан тушаалтуудад авлига өгсөн тухай асуудал сөхөгдсөн ч тэгсхийгээд намжсан түүхтэй.

Гэвч Францын хуулийн байгууллагаас нарийвчилсан шалгалт явуулснаар зуучлагчаар дамжуулж хийсэн маргаантай төлбөрүүд авлигын шинжтэй байсныг илрүүлжээ. “Арева”-гийнхан ч мөрдөн байцаалтын явцад цуглуулсан мэдээлэлд үндэслэж шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч, 4.8 сая еврогийн торгуулийг төлөхөөр болсон байна. Нотлох баримтад дурдсанаар “Арева”-гийн зүгээс “Eurotradia International” зуучлагч компаниар дамжуулж 1.2 сая еврогийн гүйлгээ хийснийг хуулийнхан илрүүлжээ. Эл төлбөрийн эх үүсвэрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл баталгаажуулах хэлэлцээрийн хүрээнд Монголын бизнес эрхлэгч рүү шилжүүлсэн гэж тайлбарласан ч тусыг олоогүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн зуучлагч тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд шууд оролцоогүйг тогтоожээ. Мөн хөрөнгийн тодорхой хэсгийг хэлэлцээрт оролцсон Монголын өндөр албан тушаалтны хамааралтай үл хөдлөх хөрөнгийн төслийг санхүүжүүлэхэд зарцуулсан гэнэ.

“Арева”-д холбогдох авлигын хэрэг зөвхөн Парисын шүүхийн шийдвэрээс үүдэж олон нийтийн анхаарлын төвд орсон уу гэвэл үгүй. Аль 2019 оны үед сөхөгдөж байсан сэдэв. Тухайн үед “Монголын нэгэн улстөрч Дэд сайдаар ажиллах хугацаандаа хайгуулын тусгай зөвшөөрөл гаргаж өгснийхөө хариуд Францын компаниас авсан 1.2 сая еврогийн хахуулиараа 26 ширхэг орон сууц худалдаж авсныг санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дүнд илрүүлж, бүгдийг нь битүүлжилсэн” гэдэг мэдээллийг хуулийнхан өгч байлаа. Бүр Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний хурлын үеэр Монголын прокурорын байгууллагаас хийсэн мэдээлэл шүү. Хэвлэлүүд ч тухайн үедээ хахууль авсан гэх албан тушаалтныг төвөггүйхэн “илрүүлсэн” нь Н.Алтанхуягийн Засгийн газарт Уул уурхайн дэд сайдаар ажиллаж асан О.Эрдэнэбулган болж таарсан юм.

Парламентын түвшинд ч Францын компани Монголд хөрөнгө оруулалт хийхдээ яамаар нь дамжуулж, сайдад нь 1.2 сая еврогийн авлига өгсөн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүд ам уралдан хөндөж байлаа. Тэр нь 2012-2014 оны хооронд Шинэчлэлийн Засгийн газарт Дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулган гэдгийг нэг бус удаа дурдсан нь одоо ч протоколд тэмдэглээстэй бий. Энэ хүрээнд Дэд сайд асныг АТГ-аас саатуулж, шалгасан асуудал мөн л тэгсхийгээд намжсан. 

Ийнхүү уран төсөл тойрсон Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол, Францын Засгийн газрын түвшинд боловсруулахтай зэрэгцэн “Арева”-гийнхан Төрийн өндөр албан тушаалтанд 1.2 сая еврогийн авлига өгснөө хүлээн зөвшөөрч, холбогдох торгуулийг төлөхөөр болсон нь дан ганц тус улсаар хязгаарлагдахгүй манайд ч томоохон чимээ өгөх бололтой. Хэрхэхийг хуулийнхан мэдэх ч Хөрөнгө оруулалтын гэрээ энэ хүртэл гацаж, зогсонги байдалд орсны нэг учиг үүнтэй холбоотой байж мэдэх. Гол нь гэрээ явдгаараа явах нь зүй ёсны шаардлага мөн үү гэвэл мөн. Юу үнэн энэ л үнэн!

Г.Эрхэс