УИХ-ын гишүүдээс авах эх оронч ШАЛГАЛТ буюу УРАН
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор нэгэн онцгой асуудал багтсан нь улс төр, нийгмийн хүрээнд хамгийн анхаарал татсан асуудал байх бололтой, энэ өдрүүдийн хувьд. Гэдэг нь ураны орд газар түшиглэсэн ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулах тухай. Уран гэхээр хоёр толгойтой тугал тэргүүтэй нутгийн ардын эрх ашиг бас эрүүл мэндийн асуудал хөндөгдөж ирсэн нь саяхныг хүртэл хөндөх сэдэв байв. Байв ч гэж байлаа. Одоо ч эл сэдэв тойрсон хардлага, шүүмжлэл гэхээсээ хэсэг бүлгийн эсэргүүцэл явсаар, байсаар л байна. Дотоодын бус гаднын нөлөөтэй мөн санхүүжилттэй гэдгийг түрүүчээсээ ойлгодог болсон цаг.
Гол нь тэртээх 12 жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөгийн нөхцөл байдал тэс ондоо. Бүр тэнгэр, газар шиг зөрүүтэй юм шүү. Нэгдүгээрт, хоёр толгойтой тугал Монголоос тэр дундаа Дорнын говиос лав олдсонгүй. Хамгийн том хайлтын систем болох гүүглээс хүссэнээ бичиж олдог эсвэл эвлүүлсэн зургаар “амь зогоох” нь үндсэндээ цогтой тэмцэгчдийн хувьд хуучин бараг явахааргүй сэдэв болсон цаг үе. Муу ч юм биш сайны л дохио. Хоёрдугаарт, нэн шинэхэн тогтолцооны өөрчлөлтийг сонгож басчхүү ардчилалд суурилсан сонгодог парламент руу нэг алхам үсэрсэн Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллага УИХ 76 бус 126 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр анхны хамгийн том бөгөөд хэтдээ улсын хөгжил, эрчим хүчний хараат бус байдлаа дархлах шийдвэрийг гаргах эсэхээ дэнслэх нь. Хэн нь өргөсөн тангарагтаа үнэнч байж бүгдийн өмнөөс байр сууриа илэрхийлэх, хэд нь бусдын магадгүй өнөөх санхүүжүүлж ирсэн “эзэн”-ийхээ үгийг Монголын ард түмний нэр барин маш итгэлтэйгээр буруушаан эсэргүүцэхийг ямарч нэмэлт хачиргүй харцгаана гэсэн үг.
Хэрэг эрхлэхийн газрын дарга Н.Учрал хэлнэ ээ, “Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, баталсан. Тэгэхээр ураны зах зээлийн чиг хандлага 2024-2050 онд дэлхий дахинаа өсч байна. Эрэлт тогтмол нэмэгдэж байна. Ураны үнэ өссөн. Газрын доор уусган олборлох технологийн дагуу байгаль орчинд ээлтэй, зардал багатай технологийг ашиглана. Энэ төсөл геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой. Оюу Толгойгоос хойш “Гуравдагч хөрш”-тэй хийж буй хөрөнгө оруулалтын том гэрээ. Парисын хэлэлцээрийн хүлэмжийн хийг бууруулах үүргээ биелүүлэх, цөмийн эрчим хүч ашиглах, атомын цахилгаан станцтай болох олон ажлын суурь болно. Хөрөнгө оруулалтын гэрээ 27 жилийн дараа бодит ажил болсноор УИХ-д өргөн мэдүүлж байна.
Бид төсвийн орлогыг 4.4 тэрбум, улсын төсөвт 75 сая, орон нутагт 29 сая, Ирээдүйн өв санд 36 сая, Хуримтлалын санд 593 сая ам.доллар тус тус байхаар тооцсон. Тухайн жилийн орлого нь 51 хувь хүрээгүй тохиолдолд хөрөнгө оруулагч талаас нэмэлт тохируулгыг хийж, энэ хувьд заавал хүргэнэ. Үлдэгдэл өгөөжийн нэмэлт тохируулгыг хийнэ гэсэн үг. Гэрээний танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хийсэн. Цөмийн энергийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгосон. Тусгай АМНАТ-ын босгыг байхгүй болгож, өсөн нэмэгдэх АМНАТ-ыг гэрээндээ тусгаж өгсөн. Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталснаар Хөрөнгө оруулалтын гэрээг эл хуулийн дагуу явуулах боломж бүрдсэн. Засгийн газар болон хөрөнгө оруулагчийн хуримтлалын үр өгөөжийг нэмж, хөрөнгө оруулагч талаас олгосон санхүүжилтийг хасвал 51 хувьд хүрч байх ёстой. Ийм нээлттэй байж бид санхүүгийн схемээ хийнэ. Энэ дагуу гэрээгээ боловсруулсан. Гэрээг өөрсдийн үндсэн зарчимд хийсэн” гэдгийг онцолсон.
Үндсэндээ Хөрөнгө оруулалтын гэрээнд Францын талаас зөвхөн санал нэмжээ. Гэхдээ ажил олгогчийн нийгмийн даатгалыг үр өгөөжид тооцохгүй. Ус ашигласны төлбөрийг өгөөж гэж үзэхгүй. Гаалийн албан татварыг мөн тооцохгүй. Гагцхүү шинэ технологи, маркетингийн төлбөрийг хөрөнгө оруулагч талын үр өгөөж гэж үзэх нөхцөлийг манай, Монголын талаас тулгасан нь биеллээ олсон гэсэн үг. Нэмээд төсөл хэрэгжих хугацаанд нийт үр өгөөжөөс АМНАТ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, давуу эрхийн ногдол ашиг авна. Ямарч хариуцлага хүлээхгүйгээр компанийн ТУЗ-д хориг тавих эрх эдлэх нь.
Ерөөсөө л 2028 он хүртэл бүтээн байгуулалтаа хийж, үйлдвэр барих нь Францын Төрийн өмчийн “Орона майнинг” үүрэг. Ингэхдээ эхний санхүүжилтээр 500 сая ам.долларыг гаргана. Үүнд Монгол Улс ямар нэгэн хөрөнгө оруулалт хийж, хариуцлага үүрэхгүй. Эсрэгээрээ 27 татварыг тогтворжуулах саналыг “Орано Майнинг” тавьсан ч эцэст нь дөрвөн татварыг тогтворжуулахаар тохирчээ. Үүнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны татвар багтана. АМНАТ-д инфляци тооцохыг хөрөнгө оруулагч талтай хэлэлцэж, суурь үнийг тооцохдоо бүтээгдэхүүний борлуулалтын үнээс хасагдвал ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байхаар баталгаажуулжээ.
Иргэдэд төдийгүй манай улсад хамгийн хамаатай байж болох усны нөөц, байгаль орчин, цацраг идэвхит хог хаягдлын менежментийг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцна. Нөхөн сэргээх ажлын хөрөнгийг дундын дансанд байршуулна. Гурван жил тутамд байгаль орчны аудит, нөхөн сэргэлтийн төлөвлөгөөг таван жил тутамд хийнэ. Давхар аймаг, сумын Засаг дарга нартай гурван талт гэрээ байгуулна. Уурхайг ашиглалтад оруулж, олборлолт эхэлсэн цаг үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монгол иргэн, туслан гүйцэтгэгчийн 60 хувиас доошгүй нь монгол компани байна зэргээр олон давуу талыг Монголын тал эдлэх нь.
Үргэлжлүүлээд бүх бүтээн байгуулалт төслийн дараа орон нутагт шилжинэ. Цөмийн энергийн хуулиар 20 жилээр гэрээ байгуулахаар болжээ. Татвартай холбоотой маргаан үүсвэл арбитрт хандахгүйгээр дотоодын шүүхээр шийдвэрлэх нь хамгийн том “барьц”. Бараг л “Орано Майнинг” атгандаа оруулснаар өөрцгүй. Ураны уурхай 2028 оноос ашиглалтад ороход иргэн бүр ашгийг хүртэх боломж нээгдэх нь бидэнд бус бас нэгэн давуу тал. Ашигтай, ашиггүйгээс үл хамаарч 10 хувийн ногдол ашгаа авахаас гадна огт хариуцлага хүлээхгүй гэдгийг энд тодотгох нь зүйн хэрэг. Монгол Улсын иргэн бүр газрын хэвлийн баялгаа ашиглах Үндсэн хуулийн амин судас болсон заалт бүрэн утгаараа “Орано Майнинг” дээр хангагдана гэсэн үг.
Ийнхүү 1997-1998 оны үед анхлан хайгуулын ажлаа эхэлж асан ураныг олборлох эсэх асуудал 27 дахь жилийнхээ босгон дээр Хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжуулж хөдлөхөөр болж байна. Энэ хэрээр өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд шинжлэх ухааны ямарч үндэслэлгүйгээр “харанхуй”-гаар эсэргүүцэж ирсэн олон ч хүний эрх ашиг хөндөгдөх нь мэдээж. “Эзэн” ч уурлаж, ууртай байх нь тодорхой. Ганц асуудал бий нь эдийн засгаа тэлж, энэ Засагт хамтарсан нь үнэн л юм бол МАН, АН, ХҮН-ын автор бүхий гишүүд Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулсан Ажлын хэсгээс боловсруулж, УИХ-д өргөн бариад буй “Орано Майнинг”-тай хийх Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж, батлах л үлдлээ. УИХ-ын гишүүдээс авах эх оронч ШАЛГАЛТ нь УРАН болсон гэсэн үг. Н.Учрал сайд ч ураны төслөө урагшлуулахын тулд эл төслөө хамгаалж бас харилцан ойлгуулах нь цаг хугацааны л асуудал байх нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн чин зорилго хүсэл нь ч энэ байж болох юм.
С.Сүлд