Л.Оюун-Эрдэнэ: Цаг уурын өөрчлөлт малчдын амьдралд томоохон нөлөөлөл үзүүлж байна

УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр,  эх дэлхийнхээ насыг уртасгах нь хүн төрөлхтний тулгамдсан асуудал болж, олон улс өнөөдрийг хүртэл нэгдмэл байр сууринд очиж, нэгдсэн үр дүнтэй шийдэлд хүрч чадахгүй байна. Монгол Улсын хувьд уул уурхай түшиглэсэн эдийн засгийн төрөлжилт, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь алс хол сонсогддог байсан боловч сүүлийн жилүүдэд болж буй өвлийн улирлын хүйтний уламжлалт ойлголт эвдэгдэж, нүүдлийн ахуйд тулгуурласан малчдын амьдралд томоохон нөлөөлөл үзүүлж байна гээд уур амьсгалын өөрчлөлтөөс болж хор хохирлын талаар тоочлоо. Тэрбээр, хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зарим бүс нутагт хүн амыг нүүлгэн шилжүүлэх нөхцөл байдал үүсэж байгаа тухай, гуравдугаарт, биологийн төрөл зүйлийн хомсдол бий болж, экосистемийн тэнцвэр алдагдаж байгаа талаар сануулаад олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн шийдлүүдийг нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагыг бий болгож байгааг онцолсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэлдээ, 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, дасан зохицох асуудлыг тэргүүлэх чиглэл болгож, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллах зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийг бодлогын яамны түвшинд гарган тавьсан билээ хэмээн тодотгоод Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээр нь манай улсад сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх боломжийг нээж өгч буй талаар,  уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилд чухал үүрэгтэй “Атрын дөрөвдүгээр аян”-ыг хэрэгжүүлж эхэлж байгаа тухай мэдээллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг 2019 онд баталж, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.8 сая тонн нүүрстөрөгчтэй дүйцэхүйц хэмжээгээр бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав. Мэдээллийнхээ төгсгөлд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах хариуцлагыг хүлээсэн тухай танилцуулаад энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулахын ач холбогдлыг онцлоод уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудлыг шинэ түвшинд гарган ирж, нэгдсэн ойлголтод хүрэх, улмаар шийдвэртэй алхмууд хийх цаг болсон. Энэ агуулгаар улс төр, хууль тогтоох байгууллагын анхааралд уг асуудлыг оруулах зорилгоор Засгийн газраас өнөөдрийн мэдээллийг хийж байна” гэлээ. 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь цөөнхийг төлөөлж УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, А.Ундраа, Б.Батбаатар нар үг хэлэв. Тухайлбал,  УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл,  Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд бүтээлчээр дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудалд урт хугацааны тогтвортой бодлоготой байх шаардлагатай ба үүнтэй холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал зөвлөмжийг танилцууллаа. Санал, зөвлөмжид, Монгол Улс 2035 он хүртэл эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30.0 хувьд хүргэх зорилт тавьсан. Тиймээс хөрөнгө оруулалтын бодит боломж, сэргээгдэх эрчим хүчний тариф болон сэргээгдэх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоход төсөвт үүсэх дарамт зэргийг нягтлах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, ойн болон халаалт, дулааны зэрэг технологид инновац нэвтрүүлэх, урамшуулах бодлогыг түлхүү баримтлах, цаашлаад хувийн хэвшлийн оролцоог хангахад түлхүү анхаарах шаардлагатай байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь бүх дэлхий, бүс нутаг, улс үндэстний нийтийн асуудал тул хүрээлэн буй орчиндоо хандах иргэний эерэг хандлагаас төрийн тулхтай бодлого, хэрэгжилт хүртэлх бүх шатанд санаачлага гарган ажиллах шаардлагатай байгааг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ахин сануулж байна гэв.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь ИЗНН-ыг төлөөлж, УИХ-ын гишүүн Б.Батбаатар үг хэллээ. Тэрбээр,  байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөд хүргэж буй хүний буруутай үйл ажиллагааг бууруулах, таслан зогсоох нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн доройтол, байгалийн гамшгийн эрсдэлд өртөж болзошгүй субъектүүдийн хамгаалах, үүсэж болзошгүй хохирлыг буурах шаардлагатай гээд Иргэний зориг ногоон нам Засгийн газарт анхаарч ажиллах талаарх  чиглэлийг  танилцууллаа. Тухайлбал, байгалийн нөөцийг хэтрүүлэн ашиглах, зүй бусаар ашиглах явдлыг тогтоох, хянах, таслан зогсоох, хувь хүмүүсийн хүрээлэн буй орчныг бохирдуулах, доройтуулах явдлыг бууруулах, иргэдийн экологийн боловсролыг тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохируулж, сургалт, нөлөөллийн ажлыг бүх арга замаар зохион байгуулах, хуванцрын хэрэглээг бууруулах, гамшигт өртөх магадлал бүхий айл өрх, иргэд, мал, эд хөрөнгө зэргийн нарийвчилсан судалгааг гаргах, нар, салхи, усан цахилгаан эрчим хүч зэрэг ногоон эрчим хүчний эх үүсвэрт шилжих үйл явцыг түргэтгэх бодлогыг эрчимжүүлэх, ногоон тээвэр, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж, байгальд ээлтэй хот төлөвлөлт зэрэг тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьсан дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах, газар тариалан, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэргээр тогтвортой хөдөө аж ахуйн практикт инновацыг дэмжин, орон нутгийн хүнсний тогтолцоог сайжруулах, газар тариалан, түгээлт, хүнсний технологийн чиглэлээр ажлын байр бий болгох санаачилгыг дэмжих зэрэг шийдлийг санаачлан ажиллахыг Засгийн газарт уламжилж байна гэв.