Байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай асуудлаар дэд ажлын хэсэг хуралдлаа

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 41, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 46, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд байгуулагдсан Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дэд дарга Ц.Нацагдоржоор ахлуулсан Дэд ажлын хэсэг хуралдлаа.

Хуралдааныг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат удирдан чиглүүлсэн бөгөөд энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг “Байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” асуудлын талаар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоол, 2020 оны 46 дугаар тогтоолоор нийт 19 газрыг байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад тус авсан.

Тус газрын хил зааг тогтоох асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 9 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа талаар дурдлаа.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай дээрх тогтоолуудын хүрээнд улсын тусгай хамгаалалтад авсан байгалийн нөөц болон дурсгалт газруудын хил заагтай өвөлжөө, хаваржааны газрын давхцлын талаар мэдээлэл өгч, цаашид Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд байгалийн нөөц, дурсгалт газар дахь бэлчээрийн зохицуулалтыг нарийвчлах талаар санал хэлэв.

Дээрх 19 газрын хилийн заагийг тогтоосноор тусгай хамгаалалттай газар нутаг 1.4 хувиар нэмэгдэж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 20.6 хувь буюу 32.3 сая га талбайд хүрч, Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт 80 хувь хангагдана гэв.

Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Аж үйлдвэр, эрдэс баялгын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга, удирдлагууд оролцсон бөгөөд ажлын хэсгээс гаргасан холбогдох санал, дүгнэлтээ холбогдох байнгын хороонд танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.