Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө
"Халал хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулах итгэмжлэлийг дөрвөн жилийн хугацаатай авсан"
Салбарын яамны мэдээлэлд Монгол Улсын мал сүргийн тоо 2015-2023 онд дунджаар 2.6 хувиар өсөж, 2024 онд 57.6 сая толгой мал тоолуулсан ба жилд 15.0-20.0 орчим сая толгой малыг хэрэгцээлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Мал тооллогын 2024 оны жилийн эцсийн дүнгээс үзэхэд нийт 9.2 сая толгой мал буюу 232.2 мянган тонн махыг хэрэгцээлж, 6.1 сая толгой мал буюу 160.0 мянган тонн махыг дотоодын хэрэгцээнд, 3.0 сая толгой мал буюу 72.3 мянган тонн махыг экспортлохоор урьдчилсан тооцоолол гарсан. Монгол Улс 2018 онд 70.4, 2019 онд 58.6 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон. Дэлхийн нийтийн хамарсан Короновируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас дээрх тоо хэмжээ дунджаар 45 хувиар буурч 2020 онд 38.8, 2021 онд 21.8, 2022 онд 16.0, 2023 онд 80.4, 2024 оны 71.1 мянган тонн, 2025 оны 03 дугаар сарын байдлаар 8.8 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн тус тус экспортолсон байна.
Монгол Улс 1989 онд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр элсэж Дэлхийн худалдааны байгууллагын “Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, тарифын бус хориг саадыг багасгах зорилгоор гадаад улс орнуудтай мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлага, экспортлох, импортлох үеийн нөхцөлийг тохиролцон худалдааны чөлөөт байдлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд бусад улс оронтой хамтран ажиллаж, Засгийн газар хоорондын хэлэлцээр 17, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол 15, харилцан ойлголцлын санамж бичиг 6, мал эмнэлгийн гэрчилгээ 60, мал эмнэлэг хорио цээрийн нөхцөл 5, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага хоёрыг тус тус тохиролцсоныг Ж.Энхбаяр сайд мэдээлэлдээ онцлов.
Мах, махан бүтээгдэхүүний экспортын гүйцэтгэлээр 2023 онд 80 хувийг БНХАУ, нэг хувийг ОХУ, 12 хувийг Иран, хоёр хувийг Хонконг, гурван хувийг бусад улсад эзэлж байсан бол 2024 онд 63 хувийг БНХАУ, 30 хувийг булангийн орнууд, 7 хувийг бусад улсууд эзэлж байна гэж мэдээлэлд дурдсан байлаа.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын холбогдох хэлэлцээрийн дагуу Монгол Улсаас БНХАУ, ОХУ, Узбекистан улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох аж ахуйн нэгж нь импортлогч улсаас эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн, тухайн улсын холбогдох мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасан үйлдвэр байдаг. Уг үйлдвэрийг тухайн улсын эрх бүхий байгууллагын цахим системдээ бүртгэснээр Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх үүсдэг. Энэ хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор БНХАУ-д 27, ОХУ-д 29, Узбекистан улсад 24 аж ахуйн нэгж тус тус бүртгэлтэй байна. Мөн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Итгэмжлэлийн төвөөс 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын төрийн болон төрийн бус баталгаажуулалтын гурван байгууллагад аудит хийж, халал хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулах итгэмжлэлийг дөрвөн жилийн хугацаатайгаар авсан гэжээ.
Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын бодлого, мал сүргийн бүтцээс хамааран 2022 оны 10 дугаар сараас эхлэн мах, махан бүтээгдэхүүний экспортод тоо хэмжээ тогтоохгүй байхаар жил бүр шийдвэрлэж ирсэн. Өөрөөр хэлбэл, импортлогч орны шаардлагыг хангасан аж ахуйн нэгж хүчин чадлынхаа хүрээнд мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөхцөл бүрдсэн хэмээн мэдээлэлд дурдсан байв.




