Л.Мөнхбаясгалан: Бид өмнө нь алдаа хийж байсан, дахин давтах вий

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.04.16)-ийн хуралдаанаар “Онтрэ” ХХК (Entrée Resources LTD)-ийн ашиглалтын лиценз болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын, “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн яамны мэдээллийг тус тус сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Бид өмнө нь алдаа хийж байсан, дахин давтах вий. Өнөөдөр гэхэд л Уул уурхайн биржийн тухай хуулиа дахин засаад сууж байна. Тухайн үед 40 их наядын луйвар гарлаа, нүүрсний хулгайчдыг бөөн бөөнөөр нь баривчиллаа, мундаг хууль гарлаа гээд л явсан. Монгол, Францын хамтарсан ураны гэрээг бас магтаж, Засгийн газар урагшаа том алхлаа гэсэн. Одоо энэ Оюутолгойгоос том ордынхоо хувийг АМНАТТ-өөр орлууллаа, барилаа гээд бүрээ бөмбөр нүдээд давхичих вий дээ. Юмыг сайн шалгаж, ул суурьтай нягталмаар байна. Энэ Онтре ХХК-гийн асуудлыг Оюутолгойн гэрээний хэрэгжилттэй хамтруулан шалгах ажлын хэсэг байгуулъя гэсэн санал оруулж байна. Тэгэхгүй бол энэ гэрээг зүгээр нэг ПиАр болгоод явчих вий гэсэн айдас байна. Эдийн засгийн байдал хүндрэхээр, эсвэл улс төрийн нөхцөл байдал хүндрэхээр нэг томхон юмыг оруулж ирээд гялалзтал аваад явдаг, түүнийгээ улс орны хэмжээний гайхамшигтай ажил гэж сурталчилдаг явдлаас айж, болгоомжилж байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.