"Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан"

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.

Уул уурхайн салбар 2024 оны жилийн эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81 хувь, экспортын орлогын 94 хувь, төсвийн орлогын 34 хувийг тус тус бүрдүүлсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 3,715.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 120.4 (3.1 хувь) сая ам.доллароор буурсан байна. Экспорт, импортоос давамгайлж 294.0 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарсан боловч экспортын орлого өмнөх оны мөн үеэс 235.4 (10.5 хувь) сая ам.доллароор буурч 2,004.9 сая ам.долларын гүйцэтгэлтэй байгаа аж.

Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43.0 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалаад байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч 21 компани, 471 гэрээ байгуулсан худалдан авагчид бүртгэлтэй байдаг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар хамгийн их бүтээгдэхүүн арилжсан сар нь 2024 оны 04 дүгээр сард бөгөөд нийт 55 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 951.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.

Гэсэн ч дээрх эрх зүйн зохицуулалтуудын хийдэл болон хоорондын уялдаагүй байдлаас үүдэн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсонги байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах зэрэг сөрөг үр дагавар байсаар байгаа нь цаашлаад Үндэсний баялгийн санг арвижуулахад бэрхшээл үүсгэх эрсдэлтэй байна хэмээн Ц.Туваан сайд илтгэлдээ дурдсан.

Тухайлбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дүнгээс үзэхэд тухайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, үнэ өсөх үед арилжаа өссөн бөгөөд 2023 оны XII сард нүүрсний үнэ 816,000 төгрөг хүрэх үед биржийн арилжаагаар 1.9 их наяд төгрөгийн нүүрс арилжсан байна.  2025 оны II сарын байдлаар нүүрсний үнэ 30 хувиар буурч 568,800 төгрөг болоход биржийн арилжааны тоо өмнөх оны мөн үеэс 9 дахин буурсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2024 оны I, II сард нийт 3.9 сая тонн нүүрсийг 1.8 их наяд төгрөгөөр арилжаалж байсан ба тухайн хугацаанд нэг арилжаанд дунджаар 6 худалдан авагч оролцдог байсан бол 2025 оны I, II сард нийт 428.8 мянган тонн нүүрсийг 122.9 тэрбум төгрөгөөр арилжаалаад байгаа ба нэг арилжаанд дунджаар 1-2 худалдан авагч оролцож байгаа нь эрэлт огцом буурсан байгааг илтгэж байна хэмээн хууль санаачлагчийн илтгэлд дурдав.

Уур уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит өмчит төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэж заасан бөгөөд үүнтэй холбоотойгоор төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд нь дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй нөхцөл үүсээд байгаа аж. Тухайлбал, “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д дээрх хүндрэл үүсээд байгаа гэлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах эрх зүйн орчин бүрдээгүй байгаатай холбоотойгоор 15-40 хувийн төмрийн агуулгатай, 2.5 сая тонн хэмжээтэй, ойролцоогоор 42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүний овоолго үүсээд байгааг дуулгасан.

Өнөөгийн байдлаар төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүн хадгалах агуулах талбайн дүүргэлт 87 хувьтай байгаа ба цаашид тасралтгүй нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй хэмээв. Эдгээр үйлдвэрт 2024 онд дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрүүдээс 1.5 сая тонн бүтээгдэхүүнийг худалдан авах захиалга ирсэн байгааг борлуулах эрх зүйн орчныг бүрдүүлснээр 33 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, мөн татвар хураамж нэмэгдэх үр ашигтай хэмээв.

Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгэгдсэнээр 2025 оны III сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй 49 баяжуулах үйлдвэр бүртгэлтэй байгаагаас нүүрсний 11, төмрийн 19, хайлуур жоншны 19 үйлдвэр байгаа аж. Мөн 2024 онд 27 баяжуулах үйлдвэр, 2025 онд 18 баяжуулах үйлдвэр үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулахаар ирүүлсэн бөгөөд эдгээр үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 2022 онд 12.2 тэрбум төгрөг, 2023 онд 11.7 тэрбум төгрөг, 2024 онд 2.8 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн нь буурсан үзүүлэлт аж. Түүнчлэн Уул уурхай бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “биржийн арилжааны үнийг хил залгаа улсын боомтын үнээр зарлана”, мөн “биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрснөөр гэрээний үнэ тогтоно” гэж хатуугаар зохицуулсан нь тус хуулийн 14.2 дахь заалын үзэл санаатай зөрчилдөж байгаа хэмээлээ.

Нүүрсний үнэ 2023 оны VII сарын 01-нээс 2024 оны I сарын 01 хүртэл 47 хувь өссөн бол 2024 оны I сарын 01-нээс 2025 оны I сарын 01 хүртэл 44 хувь буураад байгаа гэв. Энэхүү үнийн уналтаас шалтгаалж биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий 31 гэрээний 6.83 сая тонн нүүрсний татан авалт хийгдээгүй, Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна.

Биржийн форвард гэрээний хэрэгжилт нэг хүртэл жил үргэлжилдэг бөгөөд тус хугацаанд үүсэх үнийн хэлбэлзэл нь худалдагч, худалдан авагч талуудад эрсдэл үүсгэх эрсдэлтэй байгааг хууль санаачлагчийн илтгэлд дурдав. Үнийг индексжүүлснээр зах зээлийн тусгал илүү бодитой болж, талуудад үүсэх эрсдэл буурах боломж бүрдэнэ гэлээ. Мөн Уул уурхайн биржийн арилжааны худалдааны хүргэлтийн нөхцөлийг зөвхөн хил нөхцөлөөр борлуулахаар хуулиар зохицуулсан нь бүтээгдэхүүний зах зээлийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна гэв. Биржийн арилжааг Олон улсын худалдааны танхимаас гаргасан, худалдааны бараа хүргэлтийн байршилтай уялдуулж тогтоосноор “Тавантолгой” ХК-ийн экспортын хэмжээ нэмэгдэж, дундын зуучлагчаар дамжуулахгүйгээр нүүрсийг эцсийн хэрэглэгчдэд шууд борлуулах, мөн нүүрсний үнийг БНХАУ-ын биржийн тухайн өдрийн үнээр тогтоож, төрөл бүрийн тохирч борлуулах боломж бүрдэх юм байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэж болох зохицуулалтыг тусгажээ. Ингэснээр агаарын бохирдол, орон сууцжуулалт, түгжрэлийг бууруулах, мега төслүүд болон бусад нийгэм эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэлээ.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны хэлэлцээрийн дагуу Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын мэдээ тайланг Олон улсын атомын энергийн агентлагт хүргүүлэх үүрэг хүлээсэн тул уг харилцааг боловсронгуй болгох шаардлагатай талаах хууль санаачлагчийн илтгэлд дурдав. Иймд Уул уурхайн биржийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “энэ хуулийн 14.8-д заасан мэдээллийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэгтгэж хяналт тавина”, гэж 14 дүгээр зүйлийн 14.8-д “цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын талаарх мэдээллийг Цөмийн энергийн тухай хуулийн 47.1.1-д заасны дагуу Олон улсын атомын энергийн агентлагт хүргүүлнэ” гэж тус тус нэмж тусгасан бөгөөд үүнтэй холбогдуулан Цөмийн энергийн газар байгуулах зорилгоор Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан гэв. Мөн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын зөвшөөрлөөр олгохоор тусгасан байна.