Бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж, идэвх, хөрвөх чадвар өснө
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт болон зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцав. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн болон даатгалын, банк бус санхүүгийн зах зээл, хадгаламж, зээлийн хоршоод, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлал, үнэт эдлэлийн арилжаа, виртуал хөрөнгө, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зэрэг нийт 11 салбарын зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2024 оны байдлаар санхүүгийн салбарын зах зээлийн нийт үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 26.5 хувийг эзэлж байгааг тус хорооны дарга Т.Жамбаажамц танилцууллаа.
Салбаруудыг зохицуулах хүрээнд мөрдүүлж байсан захиргааны хэм хэмжээний 79 актыг цөөрүүлж 35 болгосныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга танилцуулгадаа онцолж, тус хорооноос олгож буй тусгай зөвшөөрлийн тоог 30, үүний дотор энгийн зөвшөөрлийн тоог 15 болгож бууруулах саналаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байгааг мэдээлсэн юм. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2022 онд 6.9 их наяд төгрөг байсан бол 2024 оны эцэст 13.0 их наядад хүрч хоёр дахин өссөн бол нийт арилжааны дүн гурав дахин нэмэгджээ. Энэ салбарын зохицуулалтын бодлогыг компанийн бонд, хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын сангуудын оролцоог дэмжихэд чиглүүлж буй бөгөөд үүний хүрээнд үл хөдлөх хөрөнгийн сан (REIT)-гуудыг бий болгох, хадгаламжийн сертификат (CD)-ыг арилжаанд оруулах зэрэг шинэлэг чиглэлүүдийг баримталж байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн эх үүсвэр, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж, идэвх, хөрвөх чадвар өсөх юм.
Манай улсад 573 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2.3 сая зээлдэгчтэй байна. Зээлдэгчдийн 75 хувийг цахимаар үйлчилгээ авсан зээлдэгчид эзэлж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь тус салбарт нэвтэрсэн финтек буюу дэвшилтэт технологийн нөлөөгөөр үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал сайжирсныг илтгэн харуулж буй юм. Өнгөрсөн хугацаанд 77 ББСБ арилжааны банкуудаас 622 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа нь ББСБ-ын хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа гол шалтгааны нэг гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц тэмдэглэв. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 20-нд Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ нь арилжааны банкаас зээл авахыг хориглон, үнэт цаас гаргах болон итгэлцлийн үйлчилгээгээр татан төвлөрүүлэх эх үүсвэрийн өөрийн хөрөнгөнд харьцуулсан харцааг 30-60 хувь болгон бууруулж, гадаадын улс орнуудаас эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргасан байна. Мөн ББСБ-аас олгож буй хэрэглээний зээлд тавих өр, орлогын харьцааны шаардлагыг 60:40 болгон чангатгаад байгаа юм.
Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ болон хураамжийн орлого сүүлийн гурван жилд жил тутам 20 хувиар өсөж, нийт нөөц сан гурав дахин нэмэгдсэн бол хадгаламж, зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгө 2022-2024 онд 30 орчим хувиар өссөн байна. Даатгалын салбарын хууль, эрх зүйн орчин болон хөгжлийн түвшин 2004 оны хэмжээнд гацаад байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц дурдаж, энэ салбарын эрх зүйн шинэчлэлийг нэн даруй хийх шаардлага тулгамдаж байгааг хэллээ. Өнөөдрийн байдлаар 2004 онд шинэчлэн баталсан Даатгалын тухай болон Даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай, мөн 2011 онд баталсан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулиудаас тус салбарын эрх зүйн орчин бүрдэж буй бөгөөд амьдралын буюу урт хугацааны, мөн давхар даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргах, компаниудын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нээх, нэгдсэн зохицуулалт, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох Даатгалын багц хуулийн төслүүдийг боловсруулаад байгаа ажээ.
Түүнчлэн банк бус санхүүгийн зах зээлд мэргэжлийн институц, технологийн дэвшлийг төлөвшүүлэх, итгэлцлийн үйлчилгээ, факторинг, мөнгөн гуйвуулгын болон бусад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг иж бүрнээр бүрдүүлэх шаардлага тулгарч буй юм. Мөн Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг боловсронгуй болгож эрсдлээс найдвартай хамгаалах, шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, гишүүдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан мэргэжлийн санхүүгийн байгууллага болгон хөгжүүлэх зорилго бүхий Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа ажээ. Түүнчлэн Банкны тухай, Татварын тухай болон бусад холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналуудыг бэлтгээд байгаагаа Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц танилцуулгадаа дурдав.





