Ж.Чинбүрэн: Ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг ажиллуулж байгааг яагаад засаж залруулахгүй байна вэ?
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ЭМЯ болон эмийн агентлагт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг ажиллуулж байгааг яагаад засаж залруулахгүй, Улсын Их Хурлын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа талаар Эрүүл мэндийн сайдаас асууж, хариулт авав. Үүнд сайд Т.Мөнхсайхан хариулахдаа, эмийн салбарын чадварлаг боловсон хүчнүүд хувийн хэвшилд ажиллаж байгаа учир яам, агентлагт шилж сонгож ажиллуулдаг гээд, салбарын төрийн захиргааны төв байгууллагын боловсон хүчний асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлэдэг гэсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн бөөний төвүүд гаалиар оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ жижиглэнгийн үнээр бүртгүүлэх, тэр үнээр эмийн сангаас иргэд QR код уншуулж худалдан авдаг байх систем чухал болохыг дурдаад, Лайсмед платформыг нэвтрүүлж байгаа явдлыг талархан тэмдэглэж, итгэлцлийн зохистой дадлын хамтын ажиллагааг олон улсын харилцааны зохих журмын дагуу хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Мөн эмийн үнийн өсөлтийн талаарх сонсголыг үед илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар хэрхэн ажиллаж байгаа талаар асууж, хариулт авлаа. Тэрбээр эмийн болон хүнсний шинжилгээний лабаораториуд нэгдэж ажиллавал үйл ажиллагаа нь уялдаатай болохын зэрэгцээ зардал хэмнэнэ гэж үзэж байгаагаа хэлсэн юм.



