Ж.Энхбаяр: Технологи, техникийн шилжилт нь нүсэр өөрчлөлт болдог учир хохирол өндөртэй
Ж.Энхбаяр: Технологи, техникийн шилжилт нь нүсэр өөрчлөлт болдог учир хохирол өндөртэй
Монгол Улсын иргэдийг тасралтгүй, чанартай хүнсээр хангах зорилгоор улаанбуудайн тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гэдгийг Ж.Энхбаяр сайд онцлов. Гуравдагч орноос улаанбуудай, гурилыг тусламжаар авдаг 1990-ээд оны сургамж, цар тахлын үеэр хил хаагдахад хүн амын хүнсний хангамжид тулгарах эрсдэл зэргээс үүдэн ямар ч нөхцөлд дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд улаанбуудай тариалах, улмаар стратегийн бүтээгдэхүүн болох гурилаа үйлдвэрлэх нь онцгой чухал гэж үзснийг хэлж байв. Иймд үйлдвэрүүдээ босгох, улаанбуудай тэргүүтэй 19 нэр төрлийн хүнсийг дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж төрийн тэргүүн “Хүнсний хувьсгал” хөтөлбөр санаачилсан гэлээ. Газар тариалангийн салбар тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлд дагаад малын болон гахай, тахиа, шувуу, өндөгний эрчимжсэн аж ахуй, сүүний аж ахуй гээд хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрийн салбар хөгждөг болохыг Ж.Энхбаяр сайд тайлбарлаж байсан.
Энэ оны тариалалт 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх бөгөөд тариаланчид улаанбуудай тарих, өөр зүйл тарих уу гэдгээ сонгох болж байгааг тэрбээр онцолж байв. Хэрвээ улаанбуудайнаас бусад таримал тариалаад эхэлбэл эргээд улаанбуудай тариалах нь амаргүй байдаг хэмээн учирлаж байв. Технологи, техникийн шилжилт нь нүсэр өөрчлөлт болдог учир хохирол өндөр гарна. Нийтээрээ ийнхүү шилжилт хийвэл улаанбуудай, гурилын нийлүүлэлт багасах эрсдэлийг сануулж байв. Тиймээс хэлэлцэж буй төслийн хүрээнд тариаланчид, гурил үйлдвэрлэгчид хоорондын асуудал руу орооргүй, харин газар тариалангийн салбарын асуудлаа шийдвэрлэх юм. Дараа нь үнэ болон шударга өрсөлдөөн, хүнсний хангамжтай холбоотой асуудлуудаа үе шаттайгаар, бодлогын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэдэг хариултыг өгч байв.
Жилдээ 600 сая тонн үр, тариа хурааж авдаг БНХАУ, дэлхийн улаанбуудайн 20 хувийг дангаараа нийлүүлдэг ОХУ-ын дунд Монгол Улс жилдээ 300-400 мянган тонн улаанбуудай хурааж, түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Мах, гурилын хангамж тогтвортой байх нь нийгмийн амьдралын гол суурь хэмээгээд гишүүдийн тодруулсны дагуу Ж.Энхбаяр сайд гурилын үнэтэй холбоотой асуултуудад дараах хариултыг өгч байлаа. Өнөөдрийн байдлаар 1 кг гурилын үйлдвэрээс гарах үнэ дунджаар 1500-2800 төгрөг байгаа ч өргөн дэлгэр газар нутагтай улс орны онцлогоор 1000 мянган км зайнд тээвэрлэхэд өртөг нь тэр хэрээрээ нэмэгдэж, эцсийн хэрэглэгчийн гар дээр өндөр үнэтэй болж хүрдэг. Дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанартай холбоотой асуултад хариулахдаа Ж.Энхбаяр сайд “Тариалалт, улаанбуудайн чанар, ургацын хэмжээ нь тухайн жилийн хур чийгийн байдал, цаг уурын нөхцөл, технологи, түүнд хэрэглэсэн бордоо, ургамал хамгааллын бодисын байдал, тариаланчийн ур чадвар гээд олон хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй байдаг онцлогтой” гэж байсан.



