П.Батчулуун эмчийг цагаатгах шүүхийн тогтоол гарлаа

 

Төрийн соёрхолт, гавьяат эмч, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан П.Батчулууны өмгөөлөгч нарын гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авч, Эрүүгийн хэргийн танхимаар хянаж, шийдвэрээ гаргалаа.

Өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс эмч П.Батчулууныг хүний эд, эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хорих ял оноосон юм. Уг шийдвэрийг П.Батчулуун эмчийн ар гэр, өмгөөлөгчийн зүгээс эсэргүүцэж давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин Улсын дээд шүүх уг хэргийг хянан хэлэлцээд, П.Батчулууныг гэм буруугүй гэж үзэн цагаатгах шийдвэр гаргалаа.

Энэ талаар Дээд шүүхийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр "Өмнөх шатны шүүхүүд хэргийг эрх зүйн талаас нь буруу дүгнэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд хүний цус, эд, эрхтэнийг хууль бусаар авах үйлдэл гэмт хэрэгт тооцогдох бөгөөд амьгүй донорын цогцос мөн адил эрх зүйн хамгаалалтад хамрагддаг. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.10.6-д зааснаар, амьгүй донороос эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, эсвэл түүний төрсөн эцэг эх, гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрөл байхгүй тохиолдолд энэ нь эрүүгийн гэмт хэргийн бус, зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үздэг.

Энэ хоёрын гол ялгаа нь гэмт хэрэгт сэдэл байх шаардлагатайд оршино. Хууран мэхлэх, заналхийлэх, хүч хэрэглэх зэрэг гэмт хэргийн сэдэл, зорилго байх ёстой. Харин П.Батчулууны хувьд дээрх шинжүүд огт илрээгүй бөгөөд хувийн ашиг хонжоо эрэлхийлээгүй, гэмт хэрэг үйлдэх сэдэлгүй байсан нь тогтоогдсон.

Иймд Улсын дээд шүүх түүний үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн цагаатгасан юм. Гэвч Зөрчлийн тухай хуулийн 6.10.5-д зааснаар, зөрчил гаргасан этгээд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Харин П.Батчулуун эмч өөрийн сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр зэрэг асуудлыг иргэний эрх зүйн журмаар шийдвэрлэх боломжтой" гэсэн юм.