Д.Батлут: Холбогдох үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ
З.Мэндсайхан: Татварын ачааллыг шийдэх боломж бий
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд бууруулах зорилгоор нийт 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэхээр тус хуулийн төсөлд тусгалаа.
Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ.
- Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно.
- Татварын шударга байх зарчмыг хангах зорилгоор үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг нэг тэрбум төгрөгөөр тогтоож борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно.
- Иргэдийн амьдран сууж буй орчноо сайжруулахыг дэмжих зорилгоор татвар төлөгч өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд үл хөдлөх борлуулсны албан татвараас чөлөөлнө.
- Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлан тушаах, албан татварыг төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа.
Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, татварын ачааллыг бууруулна.
- Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөнө.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босгын хэмжээ зургаан тэрбум байсныг 10 тэрбум болгон, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлнэ.
- Бизнес эрхлэгчдийг бизнесээ идэвхжүүлэх, тэлэх бололцоогоор хангаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгоно.
- Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах зорилгоор татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан дотоодын болон импортын НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулна.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа.
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан "Хүн амын орлогын албан татварт бага, дунд орлоготой иргэдэд зориулсан шаталсан хөнгөлөлт гэж байдаг. Үүнийг хэрэгжүүлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгаа. Тиймээс иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээний цалингийн орлгоос нь татвар тооцохгүй. Тооцсон татварыг нь буцаан олгоно. Хоёр сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд 792 мянган төгрөгийнх нь цалингийн татварыг буцаан олгоно. Энэ буцаан олголтыг жилийн эцэст бөөнд нь олгоно.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч орлогын босго хамаарахгүй хялбаршуулсан журмаар нэг хувийн татвар төлдөг байсан. Үүнийг өөрчилж нэг тэрбумаас доош орлоготой тохиолдолд нэг хувийн татвар авдаг болно. Үл хөдлөх хөрөнгө борлуулахад авдаг хоёр хувийн татварыг авахаа болино.
ААН-ийн татварын өмнөх ашиг нь зургаан тэрбумаас доош бол 10, дээш бол 25 хувийн татвар авч байгаа, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. ҮҮнд өөрчлөлт оруулж зургаан тэрбум хүртэлх ашигтай бол 10, 6-10 тэрбумын ашигтай бол 15, 10 тэрбумаас дээш ашигтай бол 25 хувийн татвар авахаар болж байгаа. Өмнө нь 25 хувийн татвар төлдөг байсан 600 гаруй аж ахуйн нэгж 15 хувийн татвар төлдөг болно.
1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай жижиг, дунд ААН-үүд нэг хувийн татвар төлж байгаа. Үүнийг өөрчилж 2.5 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүдээс нэг хувийн татвар авна. Ингэснээр 180 мянган ААН-ийн татвар нэг хувь болж ачаалал буурна.
НӨАТ төлөгчийн босго 50 сая төгрөг байгаа. Жижиг, дунд ААН-үүдээс энэ босгыг нэмэгдүүлж өгөөч гэсэн хүсэлт их ирдэг. Тиймээс 400 сая төгрөгөөс дээш орлоготой бол НӨАТ төлөгчөөр бүртгэнэ.
100 мянган ам.доллароос дээш үнэтэй автомашины 100 мянган ам.доллороос дээших үнийн дүнгээс нь 33 хувийн онцгой албан татвар авна. Татвараа төлөөлгүй ААН-үүдийн дансыг хаадаг. Үүнийг өөрчилж орлогынх нь 80 хувийг нь татан авдаг болно. Ингэснээр үйл ажиллагаа нь зогсохгүй. Татварын энэ өөрчлөлтийг хийснээр төсөвт 2.8 их наядын ачаалал үүснэ. Гэхдээ татварын ачааллыг шийдвэх боломж бий" гэсэн юм.