"Өргөдөл, гомдлын дийлэнх нь боловсрол, эрүүл мэндтэй холбоотой"

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв.

 

Санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Золжаргал танилцууллаа. Тус ажлын хэсгээс журмын төслийг боловсруулахдаа Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн бүх өргөдөл, гомдлыг 14 хоногийн дотор https://petition.parliament.mn/-д буюу нийтийн өргөдлийн системд байршуулж, нийтэлнэ. Хэрвээ агуулга давхацаж байгаа бол тухайн иргэн, хуулийн этгээдээс тодруулж, зөвшилцсөний үндсэн дээр нээлттэй байршуулах зэрэг зохицуулалт шаардлагатай гэж үзжээ. Шийдвэрлэлтийн явцыг тухай бүрд тайлагнаж, тусгай цэсийг цахимд үүсгэн, гомдол гаргагч өөрөө хүсвэл Байнгын хорооны хуралдаанд асуудлаа танилцуулах, өргөдөл, гомдлыг нийтлэхдээ мэдээллийн хүртээмжтэй байдлыг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү журмыг батлахын тулд зарим хуульд өөрчлөлт оруулах учиртай талаар Ажлын хэсгийн ахлагч онцлов.

 

Байнгын хорооны хуралдаанаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээллийг сонслоо. Өнгөрсөн онд 341 506 өргөдөл, гомдлын 94.1 хувийг буюу 321186-г шийдвэрлэсэн. Өргөдөл, гомдлын нэгдсэн цахим системд 5300 байгууллагыг бүртгэсэн ажээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулгадаа, өргөдөл, гомдлыг шийдвэрлэлтийн явц өндөр үзүүлэлттэй хэдий ч нэг асуудлаар олон байгууллага, албан тушаалтанд хандах, мөн шийдвэрлэх боломжгүй асуудлаар дахин давтан хандаж байгаа нь өргөдөл, гомдлын тоог нэмж, холбогдох байгууллагад шилжүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, үр дүнд нөлөөлж байна гэлээ. Тиймээс Засгийн газар “Нэг хүсэлт-Нэг шийдвэрлэлт”-тэй байх зарчим баримталж, Өргөдөл, гомдлын нэгдсэн цахим систем нэвтрүүлсэн. Одоогоор яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн дотоод удирдлагын системийг холбоод байгаа гэлээ. Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороодоос Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдад 230, Засгийн газрын агентлагт 54, нийт 284 өргөдөл, гомдлыг албан бичгээр уламжилсан бөгөөд 224-ийг нь шийдвэрлэсэн гэв.

 

Эдгээр өргөдөл, гомдлын дийлэнх нь Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны эрхлэх асуудал байсан. Тухайлбал, Боловсролын зээлийн санд хамрагдах хүсэлт, зээлийн сангийн зарцуулалт, орон нутаг дахь сургуулийн барилгын хөрөнгө оруулалт, бусад асуудлаар 49, тэтгэвэр тогтоолгох, нэмэгдүүлэх, өвлүүлэх болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмж, асаргаа, халамж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой 22, хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлүүлэх, шашны байгууллагын хууль бус ажиллагаанд хяналт тавих зэрэг асуудлаар 13, эрүүл мэндээ хамгаалуулахтай холбоотой 55 өргөдөл, гомдлыг иргэдээс ирүүлжээ. Барилга, орон сууцны чанар, барилгын явц удааширсан, ашиглалтад оруулах асуудлаар 11 иргэн гомдол гаргасан гэв. Асуудлыг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэхэд цахим сан чухал үүрэгтэйг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар танилцуулсан.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, П.Мөнхтулга, О.Номинчимэг нар асууж, тодруулан байр суурь илэрхийллээ. Тэд иргэдийн гомдол шийдвэрлэлтийг чанаржуулахын тулд тухайн иргэнд өөрт нь хүргүүлж байгаа хариу чухал. Өргөдлийн байнгын хороо цаашид аливаа өргөдөл, гомдлыг шийдвэрлэлтэд чиг үүргийн дагуу хяналт тавьж, шуурхай шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулж, сар тутам хэлэлцэх санал гаргалаа. Танилцуулж буй тайлан, мэдээллээ чамбайруулахыг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц сануулав.