Ж.Дэлгэрсайхан: Төсвийн тэлэлт нэмэгдсэн нь дунд хугацаанд тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй
Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй
Төрийн байгуулалтын dайнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал байлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газраас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулгын төсөл/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн. Харин гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Д.Бум-Очирын 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Дараа нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж Монгол Улсын Их Хурлын 2026 оны 05 дугаар тогтоолыг баталсан билээ.
Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 152 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар хуулийн төслийн талаар танилцуулав.
Тэрбээр, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасанд нийцэхгүй байна гэж дүгнэлт гаргасан билээ.
Ажлын хэсэг дээрх асуудлыг судлан үзэж, хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т “хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох;” гэж Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагааны талаарх бүрэн эрхийг тогтоосон байх тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ хэмээв.
Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй. Тиймээс ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.