Ж.Дэлгэрсайхан: Төсвийн тэлэлт нэмэгдсэн нь дунд хугацаанд тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй
О.Саранчулуун: Халамжийн нийт үйлчилгээний 80 гаруй хувь нь мөнгөн хэлбэртэй тусламж, дэмжлэг
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүнээс 2025 оны арван хоёрдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хуралдаанд танилцууллаа. Төслөөр нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааны стандарт, арга зүй, хариуцлагын тогтолцоог тодорхой болгон нэгтгэж буйгаараа онцлогтой аж. Олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа-2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд нийгмийн ажлын үйлчилгээг иргэдэд хүргэх, амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжлийг дэмжих чиглэлээр олон зорилт, арга хэмжээ туссан байдаг. Тэдгээрийг хэрэгжүүлэх үйл явцыг тодотгох шаардлагатай болоод байгааг төсөл санаачлагч танилцуулав.
Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсад боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, нийгмийн хөгжил, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалал, хууль зүйн салбарт нийтдээ 3000 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байгаа аж. Тэдгээрийн 60 гаруй хувь нь өөр мэргэжлийн хүмүүс, 80 хувь нь төрийн албан хаагч юм байна. Ажиллаж буй салбараасаа шалтгаалан төрийн албан тушаалын ангилал өөр байдгаас цалин хөлс, нийгмийн баталгаа, үйлчилгээний төрөл, хэлбэр, мэргэжлийн хувьд ахих, дэвших үйлчилгээний чанар, үр дүн, түүнийг үнэлэх үнэлэмж, үнэ цэн нь эрс ялгаатай байгаа гэдгийг танилцуулсан.
2025 оны нэгдүгээр сараас сум, хорооны нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог Засгийн газраас тогтоон 770 албан хаагч ТҮМ 4 ангилал зэрэглэлээр ажиллаж, 1.3 сая төгрөгөөр цалинжиж байгаа гэлээ. Гэтэл нийгмийн ажилтны хэрэгцээ, шаардлага байсаар байгаа. Энэ салбарт буюу хөдөлмөрийн хэлтэст ажиллах нийгмийн ажилтнуудын цалингийн зэрэглэл нь ТЗ 8, 9 гээд нөгөө цалингийн зэрэглэл нь бусад салбараас 60 хувь, тухайн салбарынхаа дунджаас 60 хувь бага байдаг гэв. Цалин бага, хийж байгаа ажил, гүйцэтгэлийн тайлан харилцан адилгүйгээс хамаараад энэ салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын ажиллах дундаж хугацаа 3 жил байгаа гэх судалгааг дурдав. Хуулийн төсөлд Үндэсний хороо болон Нийгмийн ажлын мэргэжилтний холбоог байгуулаад, Засгийн газар, мэргэжлийн холбоо нь Үндэсний хороо гэдэг бүтцээр дамжуулан асуудлуудыг зөвшилцөх зохион байгуулалтыг зураглаж, тусгасан байна. Төслийн анхны хувилбарыг анх 2023 онд Гэр бүл, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд танилцуулж, сайжруулсаар ирснийг О.Саранчулуун гишүүн тэмдэглэсэн. Үргэлжлүүлэн тэрбээр нийгмийн ажлын үйлчилгээний талаарх тоо баримтыг танилцуулсан юм.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 13 хуулийн 162 заалт, 20 гаруй журмаар нийгмийн ажлын үйлчилгээг зохицуулдаг байна. Нийгмийн хамгаалал, халамжийн нийт үйлчилгээний 80 гаруй хувь нь мөнгөн хэлбэртэй тусламж, дэмжлэг байдаг аж. Эдгээр үйлчилгээг нийгмийн ажилтнуудаар дамжуулан хүргэдэг байна. Цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа, стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, цэгцлэх шаардлага бий гэдгийг тайлбарласан.
Хуулийн төслийн 6-18 дугаар зүйлд нийгмийн ажлын талаарх ойлголт, нэр томьёог нэлээн сайн тодорхойлж өгсөн болохоо онцолсон. Ингэснээр бусад хууль дахь нийгмийн ажлын үйлчилгээний тодорхойлолт илүү тодорхой болох ач холбогдолтойг мөн дурдаж байв. Үүний зэрэгцээ нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг цэгцтэй болгох зохицуулалтуудыг тусгасан хэмээлээ.
Монгол Улс халамжийн үйлчилгээнд жилд 480 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогын хүрээнд хүний амьдралд тохиолдсон тодорхой хэмжээний өөрчлөлтөөс эргэж хэвийн амьдралын хэмнэлд шилжихийн тулд сэтгэл зүй болоод нийгмийн хувьд сэргээх дэмжлэг, туслалцааг мэргэжлийн хүнээс авах авах шаардлагатай байдаг. Харин өнөөдөр энэ бүх хэрэгцээ хангагдахгүй байгаа гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан. Төсөл дэх онцлох зохицуулалтын нэг нь салбар дундын уялдааг хангах мэдээллийн сан болохыг тайлбарлав. Үргэлжлүүлэн О.Саранчулуун гишүүн улсын төсөвт эзлэх ачааллын тооцооллыг танилцуулсан. Засгийн газраас ирүүлсэн саналын дагуу шинэчилснээр улсын төсөвт эхний удаа 920 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тусгах шаардлагатай байгаа аж.